2020 онд эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээний санхүүжилт, нэг иргэнээр тооцсон тарифыг бодит өртөгтэй уялдуулан шинэчилж, өрхийн эрүүл мэндийн төвийн нэг иргэнээр тооцсон төлбөрийн хэмжээг 15,000 төгрөг байсныг 30,000 төгрөг болгосон аж.

Тэгвэл 2022 онд ЭМДҮЗ-ийн 05 дугаар тогтоолоор нэг иргэнээр тооцох санхүүжилтийг хүн амын эрсдэлийн бүлгээс шалтгаалан 42,652-106,632 болгон нэмэгдүүлжээ. Тус тогтоолоор ӨЭМТ нь нь харьяаллын бүртгэлтэй бүх иргэний тоогоор санхүүжилтыг сар болгон авч байна. Өөрөөр хэлбэл харьяалалтай иргэн тухайн ӨЭМТ-өөс үйлчилгээ авсан ч бай аваагүй ч бай хамаагүй санхүүжилт олгогддогоороо олгогдоно гэсэн үг юм. Үүнээс гадна 2018 оны 10 дугаар сараас эхлэн ӨЭМТ-үүд сэргээн засах, гэрээр үзүүлэх тусламж үйлчилгээ, өдрийн эмчилгээ, шинжилгээ зэрэг дөрвөн төрлийн үйлчилгээг үзүүлж, нэмэлт санхүүжилт авах боломжтой болсон. Үүн дээр ЭМДЕГ-аас хяналт тавьж ажиллаж байна. ЭМДЕГ-аас ӨЭМТ-үүдэд санхүүжилт болгон нэг иргэнд тооцсон санхүүжилтийн 80 хувийг бүрэн олгодог бөгөөд үлдсэн 20 хувийг гүйцэтгэл буюу ehospital системд бүртгэсэн бүртгэл дээр үндэслэж олгодог аж. Тус системийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа бөгөөд зарим ӨЭМТ-үүд үүн дээр суралцах шаардлага тулгарч байгааг албаныхан хэлж байлаа.