Их хотын иргэн бүр хүссэн ч, эс хүссэн ч замын хөдөлгөөнд өдөр тутам оролцож байна. Бид замын хөдөлгөөний зөрчлийн талаар, жолооч, албаны хүмүүсийн байр суурийг сурвалжилсан юм.

Жолооч нарын хувьд дүрэм зөрчиж байгаа эсэхийг замын цагдаа болон хяналтын камераар шүүж, торгууль ногдуулдаг байна.
Замын хөдөлгөөний зөрчил бүртгэлийн хэлтэс “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль” зөрчсөн тээврийн хэрэгслүүдийг замын хөдөлгөөний камерын тусламжтайгаар илрүүлж, хариуцлага тооцож эзэмшигчид нь шийтгэлийн хуудсыг хүргүүлж ажилладаг юм.

Жолооч нарын хувьд замын түгжирлтэй үед яарч сандарсны улмаас нэгдүгээр эгнээгээр торгуулаад ч хамаагүй явдаг бөгөөд торгуулиа харин төлдөггүй болохыг албаны эх сурвалж хэллээ.
Тодруулбал, замын хөдөлгөөний нийт зөрчлийн 50% нь нэгдүгээр эгнээгээр зорчсон байдаг бол торгуулийн 70% нь төлөгддөггүй.

Өнгөрөгч 2022 оны байдлаар 829,943 зөрчил илрүүлэн баталгаажуулсан байна. Зөрчлийн төрлөөр авч үзвэл

• хурд хэтрүүлсэн 166.553 зөрчил,

• гэрэл дохио зөрчсөн 13,311 зөрчил,

• нэгдүгээр эгнээгээр зөрчсөн хамгийн их буюу нийт торгуулийн 50%-г нь эзэлдэг бөгөөд 415.185 зөрчил,

• түр буюу удаан зогсох газар зогссон зөрчил 107.000 зөрчил ,

• e-police аппликейшны тусламжтайгаар зөрчлийг иргэд мэдээллэдэг үүгээр 91.153,

• үзлэг оношилгоонд ороогүй 13.259 тээврийн хэрэгсэлийн зөрчил тус тус бүртгэгдэн баталгаажжээ.

Тэгвэл манай улсад торгуулиа төлдөг жолооч цөөн байдаг ажээ. Тодруулбал, өнгөрсөн оны нийт бүртгэн баталгаажсан зөрчлийн 248.748 зөрчил буюу 30% нь төлөгдсөн байна. Тээврийн хэрэгсэл эзэмшигч торгуулиа төлөхгүй байгааг хуулийн заалттай холбон тайлбарлаж болох юм. 2015, 2021 онуудад жолооч нарын торгуулийг тэглэх, 50% хөнгөлөх “Өршөөл үзүүлэх тухай хууль” гарч хуримтлагдсан торгуулиудыг хөнгөлж байсан. Иргэд үүнийг бас хүлээж цааргалдаг нь нууц биш юм.
Жишээ нь “Зөрчил шалган шийдвэрлэх тухай” хуулинд зөрчил гаргасан иргэн зөрчил хүлээн авсан өдрөөс хойш 15 хоногийн дотор сайн дураараа төлнө гэж заасан байдаг. Хуулийн заалтанд зөрчлийн төлбөрийг төлөх нөхцөл, үүрэх хариуцлагийг тусгаагүй учраас иргэд торгуулиа хуримтлуулдаг. Энэ нь сайн дураар төлөх учир иргэд хойрго хандах, торгуулийн хөнгөлөлтийг хүлээдэг гэх мэт олон шалтгаан байдаг тиймээс хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах хэрэгтэй гэдгийг албан эх сурвалж онцлож байв.

 

 Ш.Гантөмөр: Торгууль төлөх хугацааг зааж өгөх санал оруулна -агуулга

Бидний зүгээс хуулинд зөрчил гаргаснаас хойш 30 хоногийн хугацаанд торгуулиа төлвөл 50% хөнгөлөх, 60 хоногт үндсэн торгуулийг төлүүлэх, 90 хоног дотор торгуулийг 2 дахин нэмж төлүүлэх, 120 хоногт шүүхээр шийдвэрлүүлэх гэх мэт саналуудыг оруулах хүсэлтэй байгаа. Мөн зөрчлийн торгох дүнгийн хувьд 20 000-500 000 төгрөг байна. Уг дүнг олон улсын жишигт нийцүүлэн нэмэгдүүлвэл иргэд торгуулах давтамж багасна гэж үзэж байна” гэлээ.

Нөгөө талаас жолооч нарын хувьд торгуулиа төлөх бодол байдаг ч нэгэнт хуримлагдсан, төлөх хөшүүргэ байдаггүй гэдгийг хэлж байлаа. Хэрвээ зохицуулалт сайжрвал төлөх болно гэдгээ хэлсэн.

ИРГЭД: Торгуулиа ихэвчлэн автомашинаа зарах үедээ төлдөг.

Иргэн Н.Э: 1999 оны жолооч. Ихэвчлэн нэгдүгээр эгнээгээр зорчиж зөрчилд бүртгэгдэн торгуульдаг. Иргэний үүрэг хариуцлагаа ухамсарлаж торгуулиа дор бүрнээ төлдөг.

Иргэн С.А: 25 гаруй жил автомашин жолоодож байна. Торгуулиа автомашинаа худалдан борлуулах үедээ бүгдийг нь төлдөг. Торгууль төлөхдөө нэг бүрчлэн төлөх нь яршигтай санагддаг.

Иргэн Б.М: Шинэхэн жолооч. Замын хөдөлгөөнд соёлтой оролцож аль болох торгуулахгүй байхыг хичээдэг. Одоогоор 300-аад мянган төгрөгний торгуультай. Удахгүй ББСБ-аас машинаас чөлөөлөх үед бүгдийг төлнө гэлээ.Торгууль өндөр санагддаг.

Иргэн А.Б: Яарсан үед замын түгжрэл их байдаг болохоор аргагүйн эрхэнд нэдүгээр эгнээгээр зорчдог. Мэдээж хэрэг ямар ч жолооч торгуулая гэж дүрэм зөрчихгүй. Өршөөлийн хуулиар торгуулиудаа төлсөн. Дахиж хөнгөлөх юм бол мэдээж хэрэг төлнө.
Манайд болон олон улсад дүрэм зөрчсөн торгуулийг эзэмшигчдэд мессежээр, гэрийн хаягаар шуудангаар хүргүүлдэг. Иргэд торгуулийн өршөөлийн хуулийг хүлээдэг, торгуулиа хуримтлуулж төлдөг, цахимаар төлөхөд сайт нь доголддог гэх мэт шалтгаануудыг хэлж байлаа. Олон улсад торгох дүн нь өндөр, үүрэх хариуцлага нь их байдаг учир аль болох дүрмээрээ зорчихийг хичээж, түүнийгээ хэвшил болгосон байдаг.
Олон улсад бол торгуулийг төлөх нөхцөл, төлөөгүй нөхцөлд хүлээлгэх хариуцлага нь тодорхой хуулинд нь тусгаж өгсөн байдаг. Мөн торгуулийн мөнгөн дүн манай улстай харьцуулахад өндөр байдаг бөгөөд жолооч нар үүрэг, хариуцлагаа ухамсарлаж торгуулиа цаг тухай бүрт нь төлдөг байна.

Хариуцлага харьцуулалт

Солонгос: Замын хөдөлгөөний тухай хуулийн дагаж мөрдөх журмын дагуу зогсоолын зөрчилд ногдуулах торгууль нь нөхцөл байдлаас шалтгаалан бага зэрэг ялгаатай байдаг. Төв замаас илүү сургуулийн бүст өндөр торгууль ноогдуулдаг. Төв замын торгууль нь 40,000 воноос 130,000 вон хүртэлх дүнгээр торгодог. Энэ нь 115,200-374,400 төгрөг байна.
Швед: Жолооч анх удаа зөрчил гаргаж байгаа эсэх, олон давтамжтай зөрчил гаргаж байгаа эсэхээс торгуулийн дүн, хүлээлгэх хариуцлага өөр өөр байдаг. Согтуугаар тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцсон бол жолоодох эрхийг шууд хасдаг байна. Мөн энэ үйлдэлээ олон удаа давтсан бол хорих ялаар шийтгэдэг. Торгууль нь ямар зөрчил гаргаснаас хамааран 2000-5000 крон байна. Энэ нь монгол мөнгөөр 600,000-1,500,000 төгрөг.
Хятад: Авто замынхаа хөгжлөөрөө дэлхийд дээгүүрт ордог орон. Томоохон хот, суурин газруудад нэг чигтээ 5-аас олон эгнээтэй өргөн замуудыг харж болох бөгөөд ихэнх хурдны зам болон тууш замууд нь төлбөртэй байна. Зөрчил гаргагсдад тогтоосон хурдыг цагт 10 км-ээс дээш хэтрүүлсэн, хориглосон гэрэл дохиогоор нэвтэрсэн бол тус тус 200 юан, зогсоолын журам зөрчсөн бол 100 юанаар торгож шийтгэл ноогдуулдаг ажээ. Энэ нь монгол мөнгөөр 50,000-100,000 төгрөг.
Орос: Замын хөдөлгөөний шинэ зохицуулалтаар зөрчил гаргагчид хүлээлгэх үүрэг, торгох мөнгөн дүн нэмэгдсэн. Жолооч цагт 20-40 км хурд хэтрүүлвэл 3000 рубль, 10-20 км хэтрүүлвэл захиргааны хариуцлага хүлээлгэдэг болжээ. Оросын хурдны дээд хязгаар 120 км цаг. Торгуулийн төлбөр нь монгол мөнгөөр 160,500 төгрөгөөс эхлэж байна.
Гадны улс орнуудын торгууль Монголынхтой харьцуулахад өндөр байгааг дээрх харьцулалтаас харж болохоор байна. Иймд торгуулсан л бол торгуулийг тэглэх, хөнгөлөх хуулийн зохицуулалт байхгүй тул жолооч та хариуцлагаа ухамсарлан торгуулиа цаг тухайд нь төлж хэвшээрэй. Хуримтлагдсан торгуулийг их бага гэлтгүй төлж байхыг өөрт ирээдүйд учирч болзошгүй хүндрэлээс сэргийлэх хэрэгтэй байгааг албаныхан зөвлөв.

Торгуулийг бүх банкны апплейкшн ба smartcar.mn, torguuli.police.gov.mn сайтаар нэвтэрч төлөх боломжтой юм байна.

Бид дараагийн сурвалжилгаараа сурагчдын амралт дуусч, хичээл орж байгаатай холбоотойгоор бэлтгэн хүргэх болно.

Бэлтгэсэн Б.Мөнхжаргал
П.Пүрэвчулуун