Нийтийн дууны дуулиантай хос Б.Болд, Х.Мөнгөнцэцэг нар өөрсдийн дуу бичлэгийн студийн 10 жилийн ойн баяраа энэ сарын 31-нд Монгол бөхийн өргөөнд нижгэр тэмдэглэлээ. Ойн баярт зөвхөн нийтийн дуучид ирсэнгүй. Хошин урлаг болон Рок Попын одод нэг дор цугласан.

B sound продакшн өнгөрсөн 10 жилийн хугацаанд олон ч уран бүтээлчидтэй хамтран ажилласан. Шинэхэн уран бүтээлчдийг тодрон гарахад, шижгэр уран бүтээлчдийг бүтээлийн их сантай болоход өөрийн хувь нэмрээ оруулан олон сайхан бүтээл дээр хамтран ажилласан. Хэдийнээ 10 жилийг уран бүтээлийн замд өнгөрүүлсөн дуучин Болд, Мөнгөнцэцэг нарын хувьд энэ үдэш дотны бүхнээ цуглуулсан халуун үдэш болсон.


Ойн баярын тоглолтыг Монголын галзуу улаан рок хамтлаг Хурд нээсэн. Хурдтай, хүчтэй рок хамтлаг үзэгчдийг эхнээс нь л хүлээлтээс өндөр цэгт аваачив. Эх орон, ихэмсэг бүсгүйг магтан дуулсан Хурд-тай үдэш хөөрөл, омогшил, уянгыг нэг дор бүрдүүлсэн. Стиль, имиж бас фэнүүддээ үнэнч тус хамтлагийн хувьд савхин хослол, малгай, нүдний шил, намирсан урт гэзэг нь энэ үдшийн чимэг байлаа.
Нэг л өдөр дуурьт дуулчихмаар чадалтай хоолойтой дуучин Г.Эрдэнэтунгалаг мөн л энэ үдэш үзэгчдийн сонорыг мялаасан. Тэр нэг л дуугаа дуулсан бол үзэгчдэд харамсалтай байх байсан биз ээ. Тэрээр гурван ч дуугаар ойн баярт аялгуун мялаалга өргөсөн.

Энэ үдэш үзэгчдэд содон байсан нэгэн уран бүтээлч бол дуучин Б.Амархүү байсан. Хөнгөн, уянгын, цоглог аялгуутай түүнийг дагаж үзэгчид ч хөгжөөд авсан. Хэсэг хугацаанд уран бүтээлээ завсарласан түүнийг хувьд ч, үзэгчдийн хувьд ч энэ үдэш ХҮЛЭЭЛТ байлаа. Тайзан дээр ч тайзны ард ч түүний хамгийн содон чимэг бугуйндаа зүүсэн зүүлт нь байсан.

B sound продакшны 10 жилийн ойн баярт “хун” авхай ардын жүжигчин А.Долгор хүрэлцэн ирсэн юм. Магнаг цэнхэр дэлхийгээ магнайлан уянгалуулсан хун авхайн хоолойн яах аргагүй энэ үдшийн нэгэн содон уянга нь болсон.
Цангинасан цээлхэн хоолойгоороо үзэгчдийг байлдан дагуулсан бас нэгэн уянга, энэ үдшийн залуухан хатагтай бол дуучин Д.Отгонжаргал байсан. Үзэгчидийн нижгэнэсэн алга ташилт ч түүнийг дахин дахин тайзнаа дуудаж байсан билээ.
Уран бүтээлийн замд олон олон уран бүтээл шинээр төрж, олон сайхан уран бүтээлчдийг уулзуулдаг билээ.

Ингэж олон оддыг нэг дор чуулуулсан B sound продакшны 10 жилийн ойн баяр үзэгчдийн алга ташилт, анд, нөхөд, хамтран зүтгэгчдийн халуун итгэл, зүтгэл дунд нижгэр боллоо.