УБТЗ-ын Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч дарга Сэнгээгийн Батдөлийн цагдан хорьж шалгах хугацаа дуусаж буйтай холбоотойгоор таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр нь үргэлжлүүлж шалгах санал прокурор, мөрдөх байгууллагаас гаргажээ. НПГ-аас түүний цагдан хорих хугацааг нэг сараар сунгуулах санал энэ сарын 6-нд гаргасныг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өчигдөр прокурор, яллагдагчийн өмгөөлөгч зэрэг хүмүүсийг оролцуулан хэлэлцжээ.

Улмаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.10-2 дахь хэсгийн “Хэргийн ээдрээ төвөгтэй байдлыг харгалзан яллагдагчийг цаашид цагдан хорих зайлшгүй шаардлагатай” гэсэн заалтыг үндэслэн 30 хоногоор сунгасан байна.

С.Батдөл нийтийн албан тушаалтан буюу УБТЗ-ын Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч даргаар ажиллаж байхдаа олсон орлого болох 7.3 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг хууль ёсны болохыг үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж ашиглаж, эх үүсвэрийг нь нуун далдлах зорилгоор үл хөдлөх хөрөнгө худалдаж авах зэргээр байнга тогтвортой мөнгө угаасан хэмээн буруутгагдаж буй билээ.

ЭЦА-нд шалгаж буй эл хэргийн яллагдагч хэдийгээр ХАСХОМ гаргаж бүртгүүлдэггүй албан тушаалтан ч гэлээ хэрхэн ийм хэмжээний мөнгө гэртээ хадгалж, үл хөдлөх хөрөнгө худалдан авч, захиалсан нь шалгуулах үндэслэл болсон юм. Тэрбээр өдгөө болтол хөрөнгийнхөө эх үүсвэрийг тодорхой тайлбарлаагүйг эх сурвалжууд мэдээлэв.