Холбооны Бүгд Найрамдах Нигери Улсын иргэн Адекола Олавасен Азеез, манай улсын иргэн Б.Баярцэнгэл нарт холбогдох, их хэмжээний хар тамхи хадгалж, борлуулсан хэргийг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцэн шийдвэрлэлээ.

Зургийн тайлбар: Холбооны Бүгд Найрамдах Нигери Улсын иргэн Адекола Олавасен Азеез

Адекола Олавасен Азеез нь нутаг нэгт Анози Дарлингтон Дон болон Монгол Улсын иргэн У.Ариунзул нартай хамт өмнө нь хилээр мансууруулах бодис нэвтрүүлсэн, худалдах зорилгоор уг бодисыг олж авч хадгалсан, тээвэрлэсэн гэх үндэслэлээр яллагдагчаар татагдаж, анхан шатны шүүхээс зургаан жил хорих ял шийтгүүлж байсан. Тодруулбал, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 оны арванхоёрдугаар сард дээрх гурван хүнд холбогдох хэргийг хэлэлцээд А.О.Азеезид нийт зургаа, А.Д.Дон, У.Ариунзул нарт тус бүр гурван жил хорих ял шийтгэсэн ч нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс хэргийг прокурорт буцаасан юм. Хэргийг прокурорт байх хугацаанд А.О.Азеез, А.Д.Дон нарыг үргэлжлүүлэн цагдан хорих санал прокурорын байгууллагаас шүүхэд хүргүүлж байсан ч 2020 оны долдугаар сарын 22-нд тэднийг суллаж, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээ авсан байдаг. Гэтэл А.О.Азеез нь тухайн оны наймдугаар сарын 20-нд Баянгол дүүрэг дэх түр оршин суух байрандаа метамфетамины агууламжтай мансууруулах бодисыг худалдах зорилгоор хадгалж байгаад хууль сахиулагчдад баригдсан билээ. Түүнтэй хамт монголчуудад мансууруулах бодисыг нь худалдаж өгдөг Б.Баярцэнгэл гэх залууг шалгаж, НПГ-аас тэдэнд Эрүүгийн хуулийн 18.5-3, 20.7-2 дахь хэсэгт заасан, хилээр мансууруулах бодис нэвтрүүлсэн, худалдах зорилгоор уг бодисыг олж авч хадгалсан гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэн Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн юм. Монголд боловсруулдаггүй, метамфетамины агууламжтай мансууруулах бодисыг хилээр оруулж ирж борлуулах нь тодорхой. Гэтэл Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс хилээр хууль бусаар мансууруулах бодис нэвтрүүлсэн гэх үйлдлийг нь хэрэгсэхгүй болгосон байна. Улмаар худалдах зорилгоор хар тамхи хадгалсан хэрэгт нь Адекола Олавасен Азеезид хоёр, Б.Баярцэнгэлд нэг жил хорих ял шийтгэжээ.
Уг хэргээс гадна манай улсын иргэн Б.Буянжаргал, У.Анхбаяр нартай хамт хар тамхины хэрэгт холбогдон ял шийтгүүлээд буй БНХАУ-ын иргэн Бао Нарангаова эрүүл мэндийн шалтгааны улмаас зорчих эрх хязгаарлах ялаа солиулах санал дээрх шүүхэд хүргүүлснийг хэлэлцэхээр болоод байна.