“Алтан дорнод монгол” компанийн ТУЗ-ын дарга Т.Ганболд болон Улсын Ерөнхий прокурор асан Д.Дорлигжав хоёрын гүйлгээг андуурч эндүүрсэн тул данс эзэмшигчээс нь асуулгүйгээр буцаалт хийсэн гэх үйлдлээрээ хамгийн найдваргүй банкаар “Голомт” банк тодроод буй.
Тэгвэл эл хуймгай үйлдлийнх нь цаана тус банкны ТУЗ-ын дарга Д.Баясгалан гэгч нөхөр хумсаа нуусан муур шиг хярж суусан бололтой. Үүнийг нь баталсан нэг үйл явдал болсон өнгөрсөн долоо хоногт болсон нь “Голомт”-ын Д.Баясгаланг нийслэлийн Прокурорын газраас 30 хоног баривчлах хүсэлт гаргасныг нь шүүхээс зөвшөөрсөн юм. Ингэснээр Монголын тэргүүн баяны нэг Д.Баясгалан аавын хаалга татав.
Гэтэл төд удалгүй буюу ердөө гуравхан хонов уу, үгүй юү суллагдчихсан нь олон нийтийн анхаарлыг татсан юм. Харамсалтай нь, “Голомт”-ын Д.Баясгалан суллагдсан талаарх мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр бараг гарсангүй. Үүний шалтгаан нь ойлгомжтой. Мөнгөөр бүхнийг худалдаж аваад, шийдээд сурчихсан гэх эл нөхөр хэвлэл мэдээллийн хэрэгслийг багахан өгөөшөөр худалдаад авчихаж. Тиймдээ ч олны хөлөөс холхон, хүн амьтны нүдэнд өртөхөөс эмээн ажилдаа ч бараг очихгүй байгаа сурагтай.
За энэ ч яахав. Хамгийн гол нь баргын аавын хүүгийн гарч бардаггүй газраас ийм хурдан суллагдсан нь цаанаа учир бий гэх хардлага төрүүлж буй. Уг нь бол Голомтын Д.Баясгаланг хойшлуулалшгүй ажиллагаагаар баривчилсан. Ингэхдээ ажлын байранд нь нэгжлэг хийсэн гэх. Энгийнээр харахад л, ямар нэг “өмхий үнэр” үнэртсэн болоод хууль хүчнийхэн ийм арга хэмжээ авсан байж таарна. Тиймдээ ч 30 хоног цагдан хорьсон. Гэвч тэрбээр цагдан хорих ангийн эмнэлгээр дамжиж бус харин ч өөрийн хөлөөр маадгар гэгч нь аргагүй гарсан нь үнэхээр том артай, том босс болохыг нотолж байна уу гэлтэй… Тэрбээр өмнөх сонгуулийн үеэр М.Энхболдыг спонсорлосон гэх яриа бий. Магадгүй хорих газраас ийм амархан мултарсан нь түүнтэй холбоотой байхыг ч үгүйсгэхгүй.
Ямартай ч Монголын тэргүүн баячуудын нэг, Голомт”-ын Д.Баясгалан барагтай аавын хүүгийн мултарч чаддаггүй газраас хэл чимээгүйхэн сугарч чадлаа. Гэвч эр хүний замын хүзүү урт гэдэг. Хэрэг цааш хэрхэн хөврөхийг хэн ч хэлж мэдэхгүй. Улсын Ерөнхий прокурор асан Д.Дорлигжав, “Алтан дорнод монгол” компанийн ТУЗ-ын дарга Т.Ганболдын араар данс тооцоог нь булхайтуулсан хэрэгтнээр “Голомт” банк тодорч, хаалгаа хаах дээрээ тулах вий дээ, бурхан минь гэж. Юмыг яаж мэдэх вэ. Голгүй тэнэг хүн л “Голомт”-ыг сонгодог юм байна гээд хэлц үг хүртэл гарчихсан байна лээ цахим орчинд. Олны үг оргүй байна гэж юу байхав. Ортой ч бай, оргүй хоосон худлаа ч бай, хадгаламжаа татах талаар бодох хэрэгтэй биз ээ…
А.Энхриймаа