Монгол түмний хайр хүндлэлийг хүлээсэн бөхчүүд гэмт хэрэгт холбогдож бөхийн нэр хүндийг унагах тохиолдол гарсаар байна. Бусдын хайр хүндлэлийг хүлээн, Монгол бөх, өв уламжлалаа ариун хэвээр нь хадгалан үлдэхийн тулд бид гэмт хэрэгт холбогдон, ял сонссон бөхийн хэргийг сэрэмжлүүлэх зорилгоор хүргэхээр бэлтгэлээ. Бид энэ удаад улсын начин А.Хатансайханы холбогдсон авлигын хэргийг дэлгэрүүлэн хүргэж байна.

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Засаг дарга Б.Анхбаяр, Авто тээврийн үндэсний төвийн дарга, Улсын начин А.Хатансайхан, Хилийн 0108-р ангийн захирагч Б.Нямбат, тус ангийн замын шалган нэвтрүүлэх заставын дарга Б.Баттүшиг, Замын-Үүдийн Цагдаагийн хэлтсийн Замын цагдаагийн хэлтсийн дарга Х.Уранбаяр, Зам тээврийн хөгжлийн төвийн ахлах С.Саруул нарын зургаан хүнийг өнгөрсөн 2021 оны долдугаар сард АТГ, ЦЕГ-аас хойшлуулашгүйгээр баривчлаад, сулласан байдаг. Уг хэргийн мөрдөн байцаалт дуусч, хяналтын шатны шүүх хурал 2023 оны 05-р сард болж, ял авснаар эцэслэгдэн шийдэгдсэн юм.

Улсын начин А.Хатансайхан нь  “Автотээврийн Үндэсний төв” Төрийн өмчит үйлдвэрийн газрын Дорноговь аймгийн Замын-Үүд салбарын дарга буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа авлигын хэд хэдэн хэрэгт холбогдсон юм. Тодруулбал,

  • 2021 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Замын-Үүд сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн Замын цагдаагийн хэсгийн дарга У, Зам тээврийн хөгжлийн төв Төрийн өмчит үйлдвэрийн газрын харъяа Замын-Үүд төлбөр авах цэгийн ахлах ажилтан С нартай бүлэглэн иргэн А-аар гаалийн бүрдүүлэлт хийлгэж, Дорнод аймгийн “***” ХХК-ийн захиалгатай барилгын материалыг ачиж явсан, ***ын эзэмшлийн *** ДГА улсын дугаартай, 48930 кг /бүх жин 66930 кг/ буюу Монгол Улсын MNS4598:2011 “Автотээврийн хэрэгслийн бүх жингийн зөвшөөрөгдөх дээд хэмжээ”-нээс 22930 кг илүү жинтэй ачаатай тээврийн хэрэгслийг,
  • Мөн 2021 оны 01 дүгээр сарын 27-ний өдөр “***” ХХК-ийн захиалгатай барилгын материалыг тээвэрлэж явсан Бын эзэмшлийн *** ДГO улсын дугаартай, 45800 кг /бүх жин 63800 кг/ буюу MNS4598:2020 стандартын 5.8.1.1 дэх хэсгийн 1 дүгээр хүснэгтэд заасан жингийн хэмжээнээс 19800 кг илүү жинтэй ачаатай тээврийн хэрэгслийг тус тус Замын-Үүдээс Улаанбаатар хотын чиглэлд зорчих тээврийн хэрэгслийг жинлэх, төлбөр авах цэгээр нэвтрүүлэх үүрэг өгч, нэвтрүүлсэн,
  • 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Зам тээврийн хөгжлийн төв Төрийн өмчит үйлдвэрийн газрын харъяа Замын-Үүд төлбөр авах цэгийн ахлах ажилтан С, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга *** нартай бүлэглэн “***” ХХК-ийн захиалгатай бараа, материалыг тээвэрлэж явсан ***ын эзэмшлийн *** ДГО улсын дугаартай, 33960 кг /бүх Жин 48460 кг/ буюу Монгол Улсын MNS4598:2011 “Автотээврийн хэрэгслийн бүх жингийн зөвшөөрөгдөх дээд хэмжээ”-нээс 8460 кг илүү жинтэй ачаатай тээврийн хэрэгслийг Замын-Үүдээс Улаанбаатар хотын чиглэлд зорчих тээврийн хэрэгслийг жинлэх, төлбөр авах цэгээр нэвтрүүлэх үүрэг өгч нэвтрүүлсэн,
  • Мөн 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр “***” ХХК-ийн захиалгатай бараа, материалыг тээвэрлэж явсан *** ДАХ улсын дугаартай, 30520 кг /бүх жин 48520 кг/ буюу MNS4598:2011 стандартын 5.8.1.1 дэх хэсгийн 1 дүгээр хүснэгтэд заасан Жингийн хэмжээнээс 4520 кг илүү жинтэй ачаатай тээврийн хэрэгслийг Замын-Үүдээс Улаанбаатар хотын чиглэлд зорчих тээврийн хэрэгслийг жинлэх, төлбөр авах цэгээр нэвтрүүлэх үүрэг өгч, нэвтрүүлсэн,
  • 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Дорноговь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч ***тэй бүлэглэн “***” ХХК-ийн захиалгатай бараа, материалыг тээвэрлэж явсан 78-79 УНИ улсын дугаартай, 29540 кг /бүх жин 47540 кг/ буюу MNS4598:2011 стандартын 5.8.1.1 дэх хэсгийн 1 дүгээр хүснэгтэд заасан жингийн хэмжээнээс 3540кг илүү жинтэй ачаатай тээврийн хэрэгслийг Замын-Үүдээс Улаанбаатар хотын чиглэлд зорчих тээврийн хэрэгслийг жинлэх, төлбөр авах цэгээр нэвтрүүлэх үүрэг өгч, нэвтрүүлсэн,
  • “Автотээврийн Үндэсний төв” Төрийн өмчит үйлдвэрийн газрын Дорноговь аймгийн Замын-Үүд салбарын дарга буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын хилийн боомтоор Бүгд Найрамдах Хятад Ард Улс руу нэвтэрч ачаа тээврийн үйл ажиллагаа явуулахаар иргэн, хуулийн этгээдүүдийн тээврийн хэрэгслүүд ирсэн дарааллаараа дугаарласан байхад, тус дараалалд ороогүй тээврийн хэрэгслийг Замын-Үүд сумын хилийн боомтоор шууд нэвтрүүлэх зорилгоор албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр “***” ХХК-ийн захиалгатай бараа, материалыг тээвэрлэж явсан, Х.Ганбатын эзэмшлийн *** УНА улсын дугаартай “Волво” маркийн тээврийн хэрэгслийг тухайн дараалалд оруулахгүйгээр Замын-Үүд сумын хилийн боомтоор нэвтрүүлсэн,
  • 2021 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр иргэн Ц.Гантулгын эзэмшлийн “Төмөрт Өргөө” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй *** ДГО улсын дугаартай тээврийн хэрэгслийг тухайн дараалалд оруулахгүйгээр Замын-Үүд сумын хилийн боомтоор нэвтрүүлсэн буюу ганцаараа болон бусадтай бүлэглэн 7 удаагийн үйлдлээр бусдад давуу байдал бий болгосон,
  • Зам тээврийн хөгжлийн төвийн Замын-Үүд сум дахь төлбөр авах цэгийн оператораар ажиллаж байхдаа нийтийн албан тушаалтан буюу тус төвийн ахлах мэргэжилтэн С-тай бүлэглэн үргэлжилсэн үйлдлээр, 2021 оны 01 дүгээр сарын 10-ний өдөр *** ДГО улсын дугаартай, 36420 кг /бүх жин 52420 кг/ буюу Монгол Улсын MNS4598:2011 “Автотээврийн хэрэгслийн бүх жингийн зөвшөөрөгдөх дээд хэмжээ”-нээс 8420 кг илүү жинтэй ачаатай тээврийн хэрэгслийг Замын-Үүдээс Улаанбаатар хотын чиглэлд зорчих тээврийн хэрэгслийг жинлэх, төлбөр авах цэгээр нэвтрүүлэх зөвшөөрөл өгч нэвтрүүлсэн,
  • 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр *** ДГА улсын дугаартай, 42560 кг /бүх жин 59560 кг/ буюу Монгол Улсын MNS4598:2011 “Автотээврийн хэрэгслийн бүх жингийн зөвшөөрөгдөх дээд хэмжээ”-нээс 15560 кг илүү жинтэй ачаатай тээврийн хэрэгслийг Замын-Үүдээс Улаанбаатар хотын чиглэлд зорчих тээврийн хэрэгслийг жинлэх, төлбөр авах цэгээр, 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр *** ДГН улсын дугаартай 41780 кг /бүх жин 59280 кг/ буюу MNS4598:2020 “Автотээврийн хэрэгслийн бүх жингийн зөвшөөрөгдөх дээд хэмжээ”-нээс 15280 кг илүү жинтэй ачаатай тээврийн хэрэгслийг Зам тээврийн хөгжлийн төвийн Замын-Үүд сум дахь Замын-Үүдээс Улаанбаатар хотын чиглэлд зорчих тээврийн хэрэгслийг жинлэх, төлбөр авах цэгээр тус тус нэвтрүүлэх үүрэг өгч нэвтрүүлэн бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдэхэд хатгагчаар хамтран оролцсон,
  • Зам тээврийн хөгжлийн төвийн Замын-Үүд сум дахь төлбөр авах цэгийн оператораар ажиллаж байхдаа нийтийн албан тушаалтан буюу тус төвийн ахлах мэргэжилтэн Стай бүлэглэн үргэлжилсэн үйлдлээр, 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хахууль өгөгч Б, Г нарын *** ДГН улсын дугаартай Авто тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага MNS4598:2011 стандартын 5.8.1.1 дэх хэсэгт заасан жингийн хэмжээнээс 12620 кг илүү жинтэй ачаатай тээврийн хэрэгслийг, *** ДГО улсын дугаартай Авто тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага MNS4598:2011 стандартын 5.8.1.1 дэх хэсэгт заасан жингийн хэмжээнээс 11420 кг илүү жинтэй ачаатай тээврийн хэрэгслийг, *** ДГА улсын дугаартай Авто тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага MNS4598:2011 стандартын 5.8.1.1 дэх хэсэгт заасан жингийн хэмжээнээс 50 кг илүү жинтэй ачаатай тээврийн хэрэгслийг тус тус авто замаар зорчин Замын-Үүд дэх төлбөр авах цэгээр нэвтрүүлэх гэсэн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргийн хувьд гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж, жингийн зөрчилтэй тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх үүрэг өгч нэвтрүүлэн хяналт тавих чиг үүргээ хэрэгжүүлэхгүйн хариуд бэлнээр 1,000,000 төгрөгийн хахууль авсан,
  • 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хахууль өгөгч М, Б нарын *** ДГО улсын дугаартай 44630 кг /бүх жин 62630 кг/ буюу Авто тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага MNS4598:2011 стандартын 5.8.1.1 дэх хэсэгт заасан жингийн хэмжээнээс 18630 кг илүү жинтэй ачаатай тээврийн хэрэгслийг авто замаар зорчин Замын-Үүд дэх төлбөр авах цэгээр нэвтрүүлэх гэсэн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргийн хувьд гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж, жингийн зөрчилтэй тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх үүрэг өгч нэвтрүүлэн хяналт тавих чиг үүргээ хэрэгжүүлэхгүйн хариуд Хар дамжуулан бэлнээр 500,000 төгрөг, Уын нөхөр ***гийн дансаар 100,000 төгрөгийг тус тус хахуульд авсан,
  • 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хахууль өгөгч Г-ийн *** УНУ /*** ДГН улсын дугаараар сольсон/ 33740 кг /бүх жин 48240 кг/ буюу Авто тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага MNS4598:2011 стандартын 5.8.1.1 дэх хэсэгт заасан жингийн хэмжээнээс 4240 кг илүү жинтэй ачаатай тээврийн хэрэгслийг авто замаар зорчин Замын-Үүд дэх төлбөр авах цэгээр нэвтрүүлэх гэсэн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргийн хувьд гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж, жингийн зөрчилтэй тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх үүрэг өгч нэвтрүүлэн хяналт тавих чиг үүргээ хэрэгжүүлэхгүйн хариуд бэлнээр 750,000 төгрөгийг хахууль тус тус авсан гэмт хэргийг үйлдэхээр бусдыг ятгаж, хахуулийн мөнгийг хүлээн авч дамжуулан өгөх зэргээр хамтран оролцсон хэргүүдэд тус тус холбогдсон юм.

Уг хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа дуусч, С.Саруул, Г.Доржсүрэн, Х.Уранбаяр, А.Хатансайхан, Б.Уянга, И.Баттамир, Ц.Сүглэгмаа, М.Лундаажанцан, Д.Насанбат, Б.Баярбат, Г.Амгаланбат, Б.Гансүх, Ч.Батхүү, Э.Отгон-Эрдэнэ, Э.Эрхбаяр, Б.Мягмаржав нарт ял оноох саналтайгаар  дүгнэлт үйлдэн  шүүхэд шилжүүлсэн.

Улсын начин А.Хатансайханд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1.1, 22.4.4-д зааснаар тус тус ял оноох саналтай байв.

Улмаар анхан шатны шүүхээс  А.Хатансайханы 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр “***” ХХК-ийн захиалгатай бараа, материалыг тээвэрлэж явсан *** ДАХ улсын дугаартай, 30520 кг /бүх жин 48520 кг/ буюу MNS4598:2011 стандартын 5.8.1.1 дэх хэсгийн 1 дүгээр хүснэгтэд заасан Жингийн хэмжээнээс 4520 кг илүү жинтэй ачаатай тээврийн хэрэгслийг Замын-Үүдээс Улаанбаатар хотын чиглэлд зорчих тээврийн хэрэгслийг жинлэх, төлбөр авах цэгээр нэвтрүүлэх үүрэг өгч, нэвтрүүлсэн гэх үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгосон. Харин  Улсын начин А.Хатансайхан нь Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар үргэлжилсэн үйлдлээр, нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгоход гүйцэтгэгчээр, хамтран оролцсон гэм буруутайд тооцсон. Ингээд А.Хатансайханы нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, найман мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 8,000,000 /найман сая/ төгрөгөөр торгох ял оноосон юм.

Давж заалдах шатны шүүхэд А.Хатансайхан өмгөөлөгч нарын хамт хандсан. Гэхдээ өргөдлөө татсан бөгөөд ялыг нь хэвээр үлдээсэн юм. Улмаар түүний “хам хэрэгтнүүд”-эд оноосон ялыг өөрчилсөн. Хяналтын шат буюу Улсын дээд шүүхээс уг хэргийг хэлэлцэхгүйгээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн.

Ингэснээр улсын начин А.Хатансайхан 1 750 000 төгрөг авсныхаа төлөө найман сая төгрөгөөр торгуулах ял сонссон юм. Түүнийг Замын-Үүд боомт дахь АТҮТ-ийн салбарын даргын  үүрэгт ажлаас чөлөөлж, Дорноговь аймгийн АТҮТ-ийн дарга н.Сүхбаатарыг Замын-Үүд боомт дахь АТҮТ-ийн салбарын даргаар томилсон байдаг.

Гурван шатны шүүхээс ял сонссон хүн өнөөдөр Үндэсний баяр наадмын хүчит бөхийн барилдааны хөлийн цэцэд ажиллаж байгааг бид энэ удаад онцоллоо.

А.Баярмаа