Болор цомын эзэн, яруу найрагч О.Цэнд-Аюуш эх орноо хайрлан хамгаалахыг уран бүтээл болон өөрөөрөө үлгэрлэн харуулдаг энэ цагийн түүчээ болсон залуусын нэг юм.

Тэрбээр Завхан аймгийн Эрдэнэхайрханд өсөж төрсөн бөгөөд зуны амралтаараа нутагтаа очдог. Ингэхдээ тэрбээр Улаагчны хар нуурыг цэвэрлэдэг байна. Энэ жил тэрбээр нутагтаа очоод өдөр бүр Улаагчны хар нуурыг цэвэрлэж байгаа ажээ.


Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын нутагт орших Улаагчны хар нуур нь хойд талаараа элсэн манхнаар, урд талаараа зэгсээр хүрээлэгдсэн хосгүй үзэсгэлэнт газар юм. Аймгийн төвөөс 110 км, Эрдэнэхайрхан сумаас хойш 80 км зайд оршдог.

Төрж, өссөн нутаг усаа ийнхүү санаачилгаараа цэвэрлэж байгаа нь сайн хэрэг. Харин түүний энэ ажлыг нутгийн залуус үргэлжлүүлж, аялагчид байгаль орчноо хайрлан хамгаалах нь энгийн зүйлээс эхэлдэг гэдгийг ухаарчихвал байгалийн тэнцвэрт байдал алдагдахгүй байх эерэг талтай юм.

Ямартай ч өөрийнхөө уран бүтээл, үг үйлдлээрээ бусдад үлгэрлэж буй Болор цомын эзэн, яруу найрагч О.Цэнд-Аюуш танд баярлалаа.