ЭМГЭНЭЛ

ГУНААЖАВЫН ЁНДОН

(1946-2023)

Хайрт аав, хань Г.Ёндон хүнд өвчний улмаас 2023 оны 7 сарын 18-нд таалал төгслөө. Тэрээр 1946 оны 10 дугаар сарын 16-нд Баянхонгор аймгийн Хүрээмарал суманд төрсөн. Баянхонгор аймгийн 1-р арван жилийн сургуулийг 1964 онд, ЗХУ-ын Лениногорск хотын барилгын техник мэргэжлийн сургуулийг хийн ба цахилгаан гагнуурчнаар 1964-1966 онд суралцан төгссөн, бүрэн дунд боловсролтой. Барилгын цэрэгт тасралтгүй 25 жил ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан бөгөөд 2003 оноос “Уран-Уургач” ББСБ-ын зөвлөхөөр ажиллах болжээ.

Тэрээр барилгын цэрэгт 25 жил ажиллахдаа Монгол улсад анх удаагаа сантехникийн мэргэшсэн бригад байгуулан, барилгын сантехник монтажийн ажлыг бригадаараа дагнан гүйцэтгэж эхэлсэн бөгөөд багаа тэтгэвэрт гартлаа ахалж ажиллахдаа олон томоохон бүтээн байгуулалтыг цогцлооход гар бие оролцжээ. Барьж хүлээлгэж өгсөн барилга байгууламжууд нь өдгөө ч Улаанбаатар хотын Баянзүрх, Хан-Уул, Чингэлтэй, Баянгол, Сонгинохайрхан дүүрэг, Эрдэнэт хот, Төв аймгийн төв Зуун мод, Дорноговь аймгийн төв Сайншанд, Зүүнбаянд сүндэрлэсээр байна.

Аавын минь хөдөлмөр зүтгэлийг өндрөөр үнэлж, Цэргийн гавьяаны улаан тугийн одон, Цэргийн хүндэт медаль, Алдарт барилгачин тэмдэг зэрэг олон шагналаар шагнажээ.

Тэрээр долоон охин, нэг хүү өсгөж хүмүүжүүлсэн бөгөөд найман хүүхэд нь салбар бүртээ амжилттай ажиллаж явна.

Аавын минь шулуун шударга, чигч зан чанар, аливаа зүйлд хариуцлагатай, нягт нямбай ханддаг байдал, бусдыг зөв замд чиглүүлэн тусалдаг чанар тань бидний сэтгэлд үүрд хоногшин үлдэх болно.

Эхнэр, үр хүүхэд, ач зээ нараас нь

УМ МАНИ БАДМЭ ХУМ