“Эрдэнэс Тавантолгой” ХК-д 2022 оны 10 дугаар сард онцгой дэглэм тогтоосноос хойш компаний борлуулалт 4,1 дахин, нүүрс тээвэр 3,9 дахин, экспорт 2 дахин, олборлолт 2,7 дахин нэмэгджээ.

Өнгөрсөн онд 11.5 сая тонн нүүрс экспортолж, 1,1 тэрбум ам.долларын борлуулалт хийсэн. Тэгвэл энэоны 7 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 14.4 сая тонн нүүрс экспортолж, 1,4 тэрбум ам.долларын борлуулалт хийн, 2022 оны бүтэн жилийн борлуулалтыг 125 хувиар, орлогыг 131 хувиар давуулан биелүүллээ.

Энэ үзүүлэлт нь компанийн бүтэн жилийн борлуулалтыг 7 сарын хугацаанд хийж гүйцэтгэсэн түүхэн амжилт юм. Мөн оны эхний 7 дугаар сарын байдлаар улс, орон нутгийн төсөвд 1 наяд 486.5 тэрбум төгрөгийн татвар, төлбөр, хураамж төлжээ. Үүнээс АМНАТ-т 936, аж ахуйн нэгжийн орлогын албан татварт 501.2, бусад төрлийн татварт 49.3 тэрбум төгрөгийг төвлөрүүлээд байна.

“Эрдэнэс Тавантолгой” ХК энэ оны 2 сарын 9-ны өдрөөс Монголын хөрөнгийн биржээр дамжуулан 38 удаагийн цахим арилжаа зохион байгуулж 298.6 сая ам. долларын үнэлгээ бүхий 2,694 мянган тн хатуу коксжих, сул коксжих, эрчим хүчний нүүрсийг биржээр борлууллаа.

Ингэснээр нүүрсний борлуулалт, худалдаа ил тод болж, 70 орчим сая ам.долларын нэмэлт орлого олсон, коксжих нүүрсний үнэ 100-115 ам.доллар байсныг 119-182 ам.долларт, эрчим хүчний нүүрсний үнэ 2022 онд 36 орчим ам.доллар байсныг 58.7-73.3 ам долларт хүргэсэн зэрэг эерэг үр дүнтэй ажиллаж байгааг тус компани мэдээлэв.