Хууль сахиулах чиг үүрэгтэй цагдаагийн байгууллагын бүтэц, тогтолцоонд үеийн үед реформ хийж ирсэн түүхэн уламжлалтай хэдий ч сүүлийн үед хийж байгаа томилгоонууд хэт их улс төржсөн, ашиг сонирхолын зөрчилтэй, хууль бус албан томилгоог хийж байгаа нь одоогийн Цагдаагийн Ерөнхий Газрын дарга, хошууч генерал Д.Болд ба түүний багийн үйл ажиллагаанаас харагдаж байна.
Ажлын туршлагагүй, ур чадвар сул, мерит зарчмаар яваагүй залуу алба хаагчдыг тасаг, хэлтэс, газрын даргаар хууль бусаар томилон ажиллуулж байгаа нь тун харамсалтай.
Угтаа бол хууль сахиулах чиг үүрэгтэй байгууллагад тогтвортой, мэргэшсэн, дадлага туршлагатай, ур чадвартай, шударга, зарчимч боловсон хүчнийг мерит зарчмаар удирдах албан тушаалд томилж, үүрэг чиглэлээр хангаж удирдан зохион байгуулж ажиллах ёстой баймаар санагдах боловч өөрсдийн эрх ашигт нийцүүлэн хууль бус зүйлийг өмгөөлөн, хамгаалах зорилгоор эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын алба хаагчдаас өөрийн гэх тодотголтой хүмүүсийг удаа дараалан томилон ажиллуулж гар хөл хийлгэж байгаа нь одоогийн Цагдаагийн Ерөнхий Газрын тэргүүн дэд даргаар ажиллаж байгаа бригадын генерал Ц.Ням-Очироор жишээ татаж болно.
Энэ хүний дарга болсон намтарыг цухас дурьдвал 1997 оноос хойш өмчийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст ажиллаж удирдах албан тушаал хашсаар ЦЕГ-ын тэргүүн дэд дарга хүртэл ажиллаж байгаа туршлагаас харвал мундаг сайн дарга хийж яваа харагдавч цаад мөн чанар нь бол мөнгө, санхүүтэй байнга холбогдож эдийн засгийн ашиг сонирхол нь хөтөлж ирсэн түүхтэй гэх мэдээллийг эх сурвалж хүргүүллээ.
Тэрбээр Эдийн засгийн гэмт хэргийг шалгах үедээ өөрт ашигтай, унацтай иргэн, байгууллагын хэрэг материалыг хааж, хэрэгсэхгүй болгож авилга авдаг, өөртэй нь тохиролцоогүй хүний хэргийг эдийн засгийн алба хаагчдаар шалгуулан яллахаар шүүх лүү явуулдаг талаар албаны хүмүүс ярьдаг нь нууц биш юм.
Ц.Ням-Очир нь өөрийн хууль бус үйлдлийг гардан зохион байгуулж хийх хүнээ Хэнтий аймагт эдийн засгийн төлөөлөгч хийж байсан Т.Сүхболд гэх залууг Эрүүгийн цагдаагийн газрын ЭЗГХТГ-т томилуулж ажиллуулснаас хойш Сүхболдтой ашиг сонирхол нэг болж албаны дарга хүртэл суга татаж хууль бус үйлдлээ одоог хүртэл хийлгүүлж яваа бөгөөд улс төржсөн, ур чадваргүй, эдийн засагт ажиллаж байсан алба хаагчдыг томилж байна.
Бригадын генерал Ц.Ням-Очирын авилга, албан тушаалтай холбоотой, ашиг сонирхолын зөрчилтэй асуудлыг энд дурьдвал дуусахгүй. Ганц жишээ татахад эрүүгийн цагдаагийн албаны дэд бөгөөд ЭЗГХТГ-ын даргаар ажиллаж байхдаа 2018 оны 10 сард эдийн засгийн алба үүсэн байгуулагдсаны 80 жилийн ойн арга хэмжээг зохион байгуулахдаа аж ахуйн нэгж байгууллагаас хандив нэрээр ихээхэн хэмжээний авилга авч ойг тэмдэглэсэн ба энэ талаараа тайланд тусгаагүй байна. Энэ үед ойн зочдод өгсөн дурсгалын зүйлс нь зөвхөн нэг хүнд өгөх бэлэг нь 500,000-1,000,000 төгрөгийн гэж бодохоор 250-300 хүнд өгөх мөнгөн дүн нь 300 гаруй сая төгрөг болж байгаа ба ойролцоогоор ойн хүрээнд 2-3 тэрбум төгрөгийн зардал орсон. Энэ бүх ажлыг Ц.Ням-
Очир нь тухайн үед мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга хийж байсан Т.Сүхболдоор гардан хариуцуулж хийлгэсэн ба ойн хандив нэрээр авлигад авсан мөнгөний талыг нь зориулалтын бусаар зарцуулж өөрсдийн халаасанд хийсэн нь жиг жуг яриа үүсгэж байжээ.
Ц.Ням-Очирын хууль бус томилгоо, авилга, албан тушаалын асуудлуудыг тоочоод барахгүй гэдгийг учир мэдэх албаны эх сурвалжууд баттай хэлж байна. Энэ хүний талаар тухайн үед хэвлэл мэдээллийн Newspress.mn сайтаар “Нүүрсний хулгайн мафийн хэргийг “Хэрэг биш” болгогчдоо шалгах цаг болсон гэх нийтлэл, 2019.12.10-ны өдөр Isee.mn сайтаар ЭЦА-ын дэд дарга Ц.Ням-Очирыг “Салхитын мөнгөний ордын авилгалын мөнгийг зөөсөн” мэдээллийг шалгаж байна гэх нийтлэл, 2019.12.10-ны өдөр News.mn сайтаар “Салхины мөнгөний ордын хэрэгт ЭЦГ-ын дэд дарга холбоотой юу” гэх нийтлэл, 2019.12.10-ны өдөр Eguur.mn сайтад “ЭЦГ-ын дэд даргыг авилгын мөнгө зөөсөн гэх мэдээллийн дагуу нэхэмжлэл гаргажээ” гэх нийтлэлүүд гарч байсан ба албан тушаалын эрх мэдлээ хэтрүүлэн Цагдаагийн хэвлэл мэдээллийн төвийн дарга, дэд хурандаа Б.Баатархүү уг мэдээллүүдийг үгүйсгэсэн тайлбарыг өгүүлж мэдээлэл хийж байсныг та бүхэн санаж байгаа байх. Овоо босгоогүй бол шаазгай юунд суух вэ гэдэг шиг… хэрэг хийгээгүй гэмгүй хүнийг ингэж хэвлэл мэдээллээр гаргах шаардлага байхгүй болов уу.
Сүүлийн үед гол анхаарал татаж байгаа нүүрсний хулгайн хэргийг шалгаж байсан ажлын хэсгийн ахлагчаар Ц.Ням-Очир гэх хүн байсныг дээрх сайтуудад гарсан нийтлэлээс тодхон харж болно.
Бүр тодотговол Newspress.mn сайтад “Нүүрсний хулгайн асуудал дахиад “цоо шинээр сөхөгдөж эхэллээ. Одоогоор энэ хэргийг шалгахаар ТЕГ, АТГ, ЦЕГ-ын ЭЦА, Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх алба зэргээс бүрдсэн. Ажлын хэсэг томилогдон ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар Хилийн цэргээс болон Цагаан хадны цагдаагийн хэлтсээс нийт арав гаруй хүнийг баривчилсан гэх мэдээлэл бий. Энэ бол нүүрсний хулгайн хэрэг гал шиг асах бүрт “Унтраадаг баг” байдаг. Хичнээн баримт нотолгоо дэлгэсэн ч “Хэрэг биш байжээ” гээд хаадаг явдал юм.
Түүх сөхье. 2013 онд 300 гаруй мянган тонн нүүрс хулгайгаар ачигдсан гэх мэдээлэл гарч байлаа.
Тэр үед хэргийг хэрэгсэхгүй болгосон хүмүүст Улсын Ерөнхий прокурор Д.Дорлигжав, Тагнуулын ерөнхий газрын дарга Д.Гэрэл, ЦЕГ-ын дарга, Б.Билэгт генерал, уг ажлын хэсгийг ахлагч нь одоогийн ЦЕГ-ын тэргүүн дэд дарга Ц.Ням-Очир байлаа. Ажлын хэсэг “Нүүрсний хулгайн хэрэг” огт байгаагүй болгож хэргийг хаасан. Дараа нь 2018 онд хуулийн байгуулагаас энэ хэргийг сөхөж шалгаж байхад тухайн үеийн УИХ-ын гишүүн, одоогийн “Эрдэнэс Монгол” төрийн өмчит компанийн дэд захирал Л.Энхболд “Нүүрсний хулгайчууд” гэж сүр дуулиантайгаар зарлаж дэвэргэсэн. Тэр үеийн Ерөнхий сайд У.Хүрэлсүх ч “Нүүрсний хулгайчуудтай тэмцэнэ” гэдгээ чуулганы танхимд зарлаж Монгол төрийн хяналтын бүх байгууллагыг оролцуулсан ажлын хэсэг байгуулан ажиллуулах болсон юм.
Сонирхолтой нь уг ажлын хэсэгт дахиад л ЦЕГ-ын тэргүүн дэд дарга Ц.Ням-Очир ЭЦГ-ын даргын хувиар оролцож ажилласан. Мэдээж дахиад л “Нүүрсний хулгайн хэрэг огт байгаагүй” болж таарав. Гэхдээ энэ нь зөвхөн түүний дүгнэлт биш, тэр үеийн албан тушаалуудаар нь нэрлэхэд Тагнуулын ерөнхий газрын дарга, генерал Д.Гэрэл, тус газрын Эдийн засгийн аюулгүй байдлын газрын дарга, хурандаа Н.Баясгалан, МХЕГ-ын дэд дарга Д.Энхсайхан нарын оролцоо голлож байсныг тухайн үед Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн хүмүүс нотлох буй.
Үүний дараахан Д.Гэрэл, Н.Баясгалан нар тухайн үеийн ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнийг хууль бусаар тагнасан гэх асуудалтай холбогдуулан шалгагдаж, улмаар ТЕГ-ын Эдийн засгийн аюулгүй байдлын газрын дарга, хурандаа Н.Баясгаланг баривчлан хорьж байсныг олон нийт санаж байгаа байх. Харин одоо Ерөнхий сайд болсон Л.Оюун-Эрдэнэ “Нүүрсний хулгайтай хийх тэмцэл”-ээ үргэлжлүүлсээр байна. Энэ багт хоёр удаагийн ажлын хэсэгт байлцаж “нүүрсний хулгай гэгч байхгүй” гэж дүгнэлцэж байсан ЦЕГ-ын тэргүүн дэд дарга Ц.Ням-Очир ажиллаж байгаа болохоор цаанаа сэжигтэй санагдаад байгааг нуух юун.
Ц.Ням-Очирыг одоогийн албан тушаалдаа томилогдсоны нууц нь түүний нутгийн ах УИХ-ын гишүүн Ш.Адьшаа тэр үеийн Ерөнхийлөгч байсан Х.Баттулга нартай холбоотой юм. Сануулахад 2018 онд “300 гаруй мянган тонн нүүрс” гэж яригдаж байсан нүүрсний хулгайн бодит хэмжээ 500 гаруй мянган тонн нүүрсний хэрэг байсныг хөдлөшгүй нотолсон талаар тэр үеийн Засгийн газрын хуралдаан дээр амаар хэлэлцээд өнгөрүүлж байсан хэдий ч цагдаа, прокурор хэрэгсэхгүй болгосон. Тэр үед “Нүүрсний хулгайн хэрэг гараагүй” гэж амаар дүгнэлт хийж байсан ажлын хэсгийн гишүүд буюу жинхэнэ “Нүүрсний хулгайн мафи”-уудаа төрөөс цэвэрлэх, хулгайтай тэмцэх замаасаа зайлуулахгүй бол энэ хэрэг дахиад замхарч болзошгүй гэдгийг зориуд анхааруулъя.
Харин өнөөдөр ийм хулгайг техникийн дэвшилтэт технологи, арга хэрэгслийг ашиглан илрүүлсэн явдал бататгах магадлалтай байгаа бөгөөд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газраас нүүрсний хулгайтай хатуу тэмцэхээр дахин ажиллаж өнгөрсөн дөрөвдүгээр сараас холбогдох байгууллагууд эрчимтэй ажиллаж, авлигын хэрэгт холбогдсон хүмүүстээ арга хэмжээ авч, ажлаас халах, хууль хяналтын байгууллагад шилжүүлэн шалгуулж байна. Үүнтэй холбоотойгоор 2018 онд “Хэрэгсэхгүй болгосон” 500 мянган тонн нүүрс хулгайлагдсаныг шалгаж илрүүлсэн дүгнэлт байсаар байтал шалгаж байсан мөрдөгчийг сольсоор эцэст нь хэрэг биш болгож хаасан тэр хэргийг сөхөн шалгаж эхлээд байгааг сонссон тэр үед алба хашиж байсан зарим хүн хэдийн сандарч эхэлсэн. Ялангуяа 2013 онд прокурор дээр, 2018 онд цагдаагийн байгууллага дээр энэ хэргийг шалгах нэрийдлээр хэрэгсэхгүй болгосон тэр “Мафийг” задалж “Хэргийг хэрэгсэхгүй болгосон хэрэг”-т холбогдуулан хуулийн хариуцлага хүлээлгэх шаардлагатай биз ээ !
1 сэтгэгдэл
Pingback: ЦЕГ-ын тэргүүн дэд дарга Ц.Ням-Очир, ЭЦА-ны дарга Т.Сүхболд нарын хууль бус үйлдэл цуврал№2 – tac.mn