Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал асан Н.Мөнхбат, ТУЗ-ийн дарга Б.Шинэбаатар, АН-ын дэд дарга Ч.Отгочулуу нарыг бүлэглэн албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан хэмээн шалгаж, яллагдагчаар татсан боловч Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс хэргийг “гэмт хэргийн шинжгүй” гэдэг үндэслэлээр цагаатгах шийдвэр гаргасан юм. Харин давж заалдах шатны шүүх хэргийг хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцаасан билээ. Тэгвэл шүүгдэгч нарын өмгөөлөгчдийн гаргасан гомдлын дагуу Улсын дээд шүүх дээрх албан тушаалын гэмт хэргийг хяналтын шатны хуралдаанаар хэлэлцэх эсэхийг Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар 2022.06.02-ны өдөр хэлэлцсэн. Улмаар Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.7.5 дахь заалтад заасан давж заалдах шатны шүүхийн магадлалыг хяналтын журмаар хянан шийдвэрлэх үндэслэлд хамаарахгүй байгаа тул уг хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэсэн байна. Ингэснээр анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлал хэвээр үлдээсэн юм.
Уг хэргийг Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 2023.08.23-ны өдрийн 13:30 цагт хэлэлцэх тов гарсан байна.
Тэдэнд Эрүүгийн хуулийн 22.1.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдсэн бөгөөд хэрвээ шүүхээс гэм буруутай нь тогтоогдвол 2-8 жилийн ял оноох юм. Тодруулбал, Эрүүгийн хуулийн
“22.1 дүгээр зүйл.Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах
… 2.Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан бол нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” Гэж заажээ.
Шүүгдэгч нар цагдан хориогдохгүйгээр гадуур байгаа.
Хэргийг эргэн сануулбал, тус банкны гүйцэтгэх захирал Н.Мөнхбатыг Хөгжлийн банканд 4.6 тэрбум гаруй төгрөгийн хохирол учруулсан хэрэгт буруутгасан юм. Харин ТУЗ-ийн дарга Б.Шинэбаатар нь Улсын Нэгдүгээр эмнэлгийн хойд талд Худалдаа хөгжлийн банкны барьсан барилгад оффис авахдаа зах зээлийн ханшаас хэт өндөр үнээр буюу 27.5 тэрбум төгрөгийг зарцуулж, Хөгжлийн банканд 4.8 тэрбум төгрөгийн хохирол учруулсан хэмээн яллагдагчаар татсан байдаг. АН-ын дэд дарга Ч.Отгочулуугийн хувьд Уул уурхайн яамны хэлтсийн даргаар ажиллаж байхдаа ТУЗ-ийн гишүүний орон тоонд багтсан байдаг ба ажиллах хугацаа нь дууссан байхад зөвлөлийн хуралд оролцож, Б.Шинэбаатарын хууль бус шийдвэр гаргахад хамтран оролцсон гэх үндэслэлээр хэрэгт татагдсан юм.
Шүүхээс уг хэргийг хэрхэн шийдсэн талаар бид эргэж мэдээлэх болно.
А.Баярмаа