УДБЭТ-ын хамт олон түүхт 60 жилийн ойн арга хэмжээгээ “Сонгодог Жаран” гала концертоор эхлэнэ. Театрын уран бүтээлчдийн төлөөлөл /2023.09.07/ түүхэн ойн арга хэмжээнийхээ талаар мэдээлэл хийлээ.
Ахмад уран бүтээлчдийн зүгээс залуу уран бүтээлчдэдээ итгэж, дараагийн 60 жилийн түүхийг амжилттай бүтээнэ гэдэгт итгэл төгс байгаагаа илэрхийлэв.
Театрын захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Сарантуяа:
-Монголын сонгодог урлагийн өргөө болсон УДБЭТ-ын хамт олон түүхт 60 жилийн ойтойгоо золгож байна. Анх 1963 оны тавдугаар сарын 10-нд Улсын Хөгжимт драмын театраас Улсын дуурь, бүжгийн театр өрх тусгаарлан, өндөр үүдээ нээсэн түүхтэй. УДБЭТ 1963 оны тавдугаар сарын 15-нд П.И.Чайковскийн “Евгений Онегин” дууриар хөшгөө нээж бие даасан театрынхаа нээлтийг хийж, 60 жилийн түүхээ бичих замналаа нээсэн юм. Театр маань өнгөрсөн 60 жилийн хугацаанд 120 гаруй дэлхийн томоохон сонгодог бүтээлийг тайзнаа тоглосон байна.
Бид бүхэн нэгэн жарны түүхийг агуулсан “Сонгодог жаран” хүндэтгэлийн тоглолтууд, түүхэн баримтат кино, сэтгүүл зэрэг томоохон арга хэмжээг хийхээр төлөвлөсөн.
Мөн ойн арга хэмжээгээ “Сонгодог жаран” гала концертоор эхлүүлэх гэж байна. Гала тоглолт есдүгээр сарын 9-нд 20.00 цагт Сүхбаатарын нэрэмжит талбайд нээлттэй болох юм.
Ардын жүжигчин, дуучин А.Долгор:
-Театрынхаа уран бүтээлчдэд түүхт 60 жилийн ойн баярын мэндийг хүргэе. Миний хувьд 1984 оноос хойш театртаа 28 жил ажилласан. Ингээд бодохоор 60 жилийн талыг нь хуваалцсан байна. Би гоцлол дуучдын гурав дахь үеийн дуучин. Театр маань хүнд цаг үед ч үүд хаалгаа хааж байгаагүй.
Үе үеийн нэрт уран бүтээлчдийг өлгийдөн авч, овоглосон ягаан театраараа үргэлж бахархаж явдаг. Монголын маань маш сайхан театрын нэг.
Уран бүтээлч миний хувьд маш их баяртай байна.
Ардын жүжигчин А.Дашпэлжээ:
-Би Болгарт их сургуулиа төгсч, 1982 онд театртаа ажилласан хүн. Тэгээд ягаан театртаа гоцлол дуучнаар дөрвөн жил, захирлаар дөрөв, уран сайхны удирдаачаар таван жил ажилласан. Тийм учраас миний ажил, амьдрал ДБЭТ-тай салшгүй холбоотой. Би үеийн үед ажиллаж байгаа уран бүтээлчид, ажилтангууд болон 60 жил биднийг халуун алга ташилтаар угтсан үзэгч түмэндээ ойн баярын мэнд дэвшүүлье. Монголчууд цаг хугацааг жаранаар тоолдог ард түмэн. Нэг жаран дуусч, дараагийн жарныг эхлүүлдэг. Энэ театр маань нэг жарныг туулжээ.
Уран бүтээлийн тухай 120 гаруй сонгодгуудыг нэг бүрчлэн ярих боломжгүй. Онцолбол, нэгдүгээрт 1963 онд анх алдарт П.И.Чайковскийн “Евгений Онегин” дууриар хөшгөө нээсэн нь дэлхийн сонгодог урлагийн театруудын түүхэнд ихээхэн онцлог үйл явдал.
Мөн миний санаж байгаагаар 1981 онд ДБЭТ маань олон улсын дуурь, бүжгийн академик театр болж батламжилсан. Энэ бол театрын зиндааг тодорхойлох цол хэргэм. Бас 1990-ээд оны эхээр Л.Эрдэнэбулган найруулагчийн санаачлагаар Ж.Пуччинийн дууриудаар олон улсын дуурийн наадам зохион байгуулж байсан удаатай. Тухайн үед ОХУ, Болгар, БНСУ, Хятад зэрэг олон улсаас дуучин, удирдаачид оролцож байлаа. Энэ наадам бол 60 жилийн түүхэнд тэмдэглүүштэй наадам гэдгийг онцолсон юм.