Дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас Монгол улс бараг хоёр жилийн хугацаанд хөл хорионд байсан билээ. Тэгвэл энэ цаг үед Монгол улсад  байсан БНХАУ-ын иргэд Гадаадын иргэн харьяатын ажилтанд Монгол хүнээр дамжуулан хахууль өгч визээ сунгуулж байсан хэрэг гарчээ. Уг хахуулийн хэргийг шүүхэд шилжүүлсэн боловч Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс зүйл ангиа нэмэх хэрэгтэй  буюу “…улсын бүртгэлд зориуд худал мэдээлэл оруулсан, мэдээллийг устгасан, өөрчилсөн, худал мэдээлэл бүхий баримт бичиг үйлдэж бусдад олгосон, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг тодруулаагүй байх тул энэ талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад тодруулж, шалгах зүйтэй …” гэж үзэн хэргийг прокурорт буцаасан байна.

Хэргийг тодруулбал, Э.Мөнгөнцэцэг гэх эрх зүйч мэргэжилтэй бүсгүй Гадаадын иргэн, харьяатын газрын даргын 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн Б/18 дугаартай тушаалаар Виз зөвшөөрөл харьяатын газарт виз зөвшөөрлийн газарт мэргэжилтнээр томилогдсон байна. Улмаар тэрбээр Гадаадын иргэн, харьяатын газрын Виз зөвшөөрөл харьяатын газарт виз зөвшөөрлийн газарт мэргэжилтнээр ажиллаж байсан юм.

Тэрбээр уг ажлаа хийж байхдаа З.Нямсүрэн гэгч эмэгтэйн хамтран амьдрагч БНХАУ-ын иргэн Ву Па Хуй /Wu pahui/-гийн Монгол улсад оршин суух хугацааг сунгахдаа  тэднээс ямар нэгэн хүсэлт, холбогдох баримт материалыг хүлээн авалгүйгээр тус иргэний Монгол Улсад оршин суух хугацааг 2021 оны 04 дүгээр сарын 14-ний өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хооронд сунгаж мэдээллийг Гадаадын иргэн, харьяатын газрын дотоод сүлжээ /ISM/-нд оруулсан байна. Үүнийхээ хариуд З.Нямсүрэнгээс өөрийн хамаарал бүхий этгээд Ч.Эрдэнэтөгсийн Хаан банканд бүртгэлтэй 56… тоот дугаарын дансаар 2021 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр 1.000.000 төгрөгийг, өөрийн Хаан банканд бүртгэлтэй 56… тоот дугаарын дансаар 2021 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр 110.000 төгрөгийг нийт 1.110.000 /нэг сая нэг зуун арван мянга/ төгрөгийн хахууль авсан байна.

Энэ үйлдэл нь дараагийн хахуулийн хэргийнх нь эхлэл болж, уг үйлдэл нь удаа дараа давтагджээ. Өөрөөр хэлбэл,  Э.Мөнгөнцэцэг нь З.Нямгэрэлээр дамжуулан БНХАУ-ын нэр бүхий 23 иргэнд визний зөвшөөрөл гаргаж өгөөд 10 гаруй сая төгрөг авч байсан нь мөрдөн байцаалтын шатанд нотлогджээ. Тодруулбал, Э.Мөнгөнцэцэг нь урьд өмнө Гадаадын иргэн, харьяатын газраас визний зөвшөөрөл авахаар хүсэлт, холбогдох баримт материал ирүүлж байсан Монгол улсад үйл ажиллагаа ажиллагаа явуулдаг “Ханш гэрэл” ХХК, “Уридриллинг” ХХК, “МСМ групп” ХХК, “Дээд оюунтан” ХХК, “Биг фиш аппарел” ХХК, “Фронтер ҮЦК” ХХК, “Оюут Улаан” ХХК, “Асмос” ХХКомпаниудын баримт, материал, мэдээллийг зөвшөөрөлгүйгээр ашиглаж, хуурамч баримт материал бүрдүүлэн Гадаадын иргэн, харьяатын газрын дотоод сүлжээ /ISM/-нд

  • 2021 оны 8 дугаар сарын 10-ны өдөр БНХАУ-ын иргэн Huang Wei /EJ0749442/-д “Ханшгэрэл” ХХК-ийн нэр дээр 04/21-1723 дугаартай визний зөвшөөрөл,
  • 2021 оны 8 дугаар сарын 11-ний өдөр БНХАУ-ын иргэн Li Jian /Е76761127/, Li Jiao /ЕС2467609/ нарт “Дээд оюунтан” ХХК-ийн нэр дээр 04/21-1740 дугаартай визний зөвшөөрөл,
  • 2021 оны 8 дугаар сарын 12-ны өдөр БНХАУ-ын иргэн Yong An /ЕЕ1877981/- д “Уридриллинг” ХХК-ийн нэр дээр 04/21-1779 дугаартай визний зөвшөөрөл,
  • 2021 оны 8 дугаар сарын 24-ний өдөр БНХАУ-ын иргэн Wang Zhifei /ЕJ2969311/, Xie Peng /ЕJ2969312/, Zhi Maifen /ЕЕ0075509/ нарт “Асмос” ХХК-ийн нэр дээр 04/21-1959 дугаартай визний зөвшөөрөл,
  • 2021 оны 8 дугаар сарын 26-ны өдөр БНХАУ-ын иргэн Dong Zhijun /ЕJ2963263/, Tang Jingtoa /ЕН3427871/, нарт “Биг фиш аппарел” ХХК-ийн нэр дээр 04/21-1959 дугаартай визний зөвшөөрөл,
  • 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр БНХАУ-ын иргэн Duleng /ЕН8461364/-Д “МСМ групп” ХХК-ийн нэр дээр 04/21-3298 дугаартай визний зөвшөөрөл,
  • 2022 оны 3 дугаар сарын 25-ны өдөр БНХАУ-ын иргэн Feng Yi /ЕН0503917/, Kang Jun /ЕJ2980508/, Li Guiru /EJ2980510/, Tian Haijun /ЕJ2980509/, Zhang Zhigang /ЕJ2978386/ нарт “МСМ групп” ХХК-ийн нэр дээр 04/22-1076 дугаартай визний зөвшөөрөл,
  • 2022 оны 3 дугаар сарын 29-ний өдөр БНХАУ-ын иргэн Аn Dongsheng /ЕС8573320/-д “Оюут-Улаан” ХХК-ийн нэр дээр 04/22-1088 дугаартай визний зөвшөөрөл,
  • 2022 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр БНХАУ-ын иргэн Hasierdeng /ЕJ2974425/, Bateer /Е50075752/ нарт “Оюут-Улаан” ХХК-ийн нэр дээр 04/22-1487 дугаартай визний зөвшөөрөл,
  • 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдөр БНХАУ-ын иргэн Tumenjirigela /E68104191 /-д “Оюут-Улаан” ХХК-ийн нэр дээр 04/22-3857 дугаартай визний зөвшөөрөл,
  • 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр БНХАУ-ын иргэн Ma Aimin /ЕF9102203/, Zhang Zhili /Е45126957/ нарт “Фронтер” ХХК-ийн нэр дээр 04/22-0340 дугаартай визний зөвшөөрөл,
  • 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдөр БНХАУ-ын иргэн Batu Jirgala /Е41480788/-д “Фронтер” ХХК-ийн нэр дээр 04/22-1000 дугаартай визний зөвшөөрөл,
  • 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдөр БНХАУ-ын иргэн Wang Ce /Е16660064/-д “Фронтер” ХХК-ийн нэр дээр 04/22-2867 дугаартай визний зөвшөөрлүүдийг тус тус олгосны хариуд З.Нямсүрэнгээс түүний Хаан банканд бүртгэлтэй 5006…. тоот дугаарын данснаас өөрийн Хаан банканд бүртгэлтэй 56890…. тоот дугаарын дансаар 2021 оны 8 дугаар сарын 10-ны өдрөөс 2022 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн өдрийн хооронд 39 удаагийн гүйлгээгээр 13 414 130 төгрөгийн хахууль авсан байна.

Э.Мөнгөнцэцэг хэргийн мөрдөн байцаалтын явцад гэм буруугаа хүлээсэн бөгөөд хэргийг зөвхөн хахуулийн заалттайгаар буюу Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн шүүхэд шилжүүлсэн нь буруу бөгөөд улсын бүртгэлд худал мэдээлэл оруулсан, мэдээллийг устгасан зэрэг ноцтой  үйлдлүүдэд нь яллах дүгнэлт үйлдээгүй аж. Тиймээс дээр дурдсан болон бусад асуудлыг тодруулахаар прокурорт буцаажээ.

Прокурорт буцааснаар Э.Мөнгөнцэцэгт хүлээлгэх хариуцлагыг нь нэмэгдүүлэх юм. Ингэснээр түүнд хахуулийн хэргээс нь гадна  Эрүүгийн хуулийн 23.4.1-д зааснаар нэмж яллах дүгнэлт үйлдэх аж.

Эрүүгийн хуулийн 23.4 дүгээр зүйл.Улсын бүртгэлд зориуд худал мэдээлэл оруулах, хуурамч баримт бичиг үйлдэх

“1.Нийтийн албан тушаалтан, албан хаагч өөртөө, бусдад давуу байдал бий болгох зорилгоор хуулиар тогтоосон улсын бүртгэлд зориуд худал мэдээлэл оруулсан, мэдээллийг устгасан, өөрчилсөн, худал мэдээлэл бүхий баримт бичиг үйлдэж бусдад олгосон бол нийтийн албанд томилогдох, эсхүл сонгогдох эрхийг хоёр жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” Гэж заасан байна.

Э.Мөнгөнцэцэг нь хэргийн мөрдөн байцаалтын явцад “ … З.Нямсүрэн бид хоёр нэг хүний визний зөвшөөрлийг 500.000 төгрөгөөр гаргахаар харилцан тохиролцсон, 2021 оны 8 дугаар сараас 2022 оны 4 дүгээр сарын хооронд над руу виз гаргуулахаар удаа дараагийн үйлдлээр нийт 23 иргэний мэдээллийг буюу паспортын зургийг вичат-аар явуулсан. …”  хэмээн хэргээ хүлээсэн байдаг.

Одоогоор хэрэг шүүхэд ирээгүй байна.

Бид энэ хэргийн талаар эргэж мэдээлэх болно.

А.Баярмаа