Сонгинохайрхан дүүргийн нутагт байрлаж, гадаад худалдаа, архи, ундаа үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Сүү-Өгөөж” компанийн удирдлагыг татвараас зайлсхийсэн хэрэгт холбогдуулан ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрынхан шалгаж дуусжээ. Улмаар эл компанийн захирал Д.Сарангэрэл, эрх бүхий албан тушаалтан Ц.Нэргүй нарт яллах дүгнэлт үйлдүүлж, гэм буруутай, эсэхийг дэнслүүлэхээр тус дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна. Энэ хоёр хүн “Сүү-Өгөөж” ХХК-ийн байранд “Шим”, “Алтан сүлд” нэртэй их хэмжээний архи үйлдвэрлээд өмнөд хөршөөс оруулж ирсэн хуурамч акц буюу онцгой албан татварын тэмдэгт наасан байж. Хууль сахиулагчид тухайн үйлдвэрийн байрнаас 30 гаруй мянган ширхэг акц хурааж авсан гэх мэдээлэл бий.

НПГ-аас “Сүү-Өгөөж” ХХК-ийн захирал Д.Сарангэрэл, эрх бүхий албан тушаалтан Ц.Нэргүй нарт Эрүүгийн хуулийн 18.7-1 дэх хэсэгт заасан “Үнэт цаас, цахим карт, төлбөрийн бусад хэрэгсэл, онцгой албан татварын тэмдэгт, санхүүгийн баримтыг хуурамчаар үйлдсэн, хуурамчаар үйлдсэнийг мэдсээр байж хадгалсан, ашигласан, зөөвөрлөсөн, тараасан” гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдсэн бөгөөд яллагдагч нар гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулж шийдвэрлүүлэх санал прокурортоо гаргасан юм байна. Прокурор хүсэлтийг нь хүлээн аваад Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлснийг хэлэлцээд нэр дурдсан хоёр хүнийг “Сүү-Өгөөж” ХХК-ийн үйлдвэрийн байранд 6717 ширхэг хуурамч онцгой албан татварын тэмдэгтийг архинд нааж ашигласан, хуурамч тэмдэгт хадгалсан гэм буруутайд тооцсон аж. Улмаар Д.Сарангэрэлийг 10, Ц.Нэргүйг зургаан сая төгрөгөөр торгох ял оноожээ.

Уг байгууллага нь өмнө нь удаа дараа алдаа дутагдал гаргаж байсан аж.