Польш улсад Монголын анагаах ухааныг дэлгэрүүлж, олон хүнийг аврах үйлсэд чин сэтгэлээ зориулж яваа Анагаах ухааны доктор, их эмч Ү.Байгалмаатай бид ярилцлаа.

Та Европ болоод Монголын уламжлалт анагаах ухааныг хослуулан эзэмшсэн эмч хүн. Тэр дундаа эртний уламжлалт анагаах ухааныг гэгээнтэн багшаасаа өвлөсөн гэж сонссон. Энэ талаар ярилцлагаа эхлэх үү?

Миний хувьд багшдаа шавь орохоос өмнө Монгол хүнийг Монгол ухаанаар эмчлэх ёстой гэж боддогоос бус уламжлалт анагаахын талаар ямар ч ойлголтгүй байлаа. Тиймээс Анагаах ухааны их сургуулийн хоёрдугаар дамжаанд сурч байхдаа лабраторийн эрхлэгч эмч Лувсанноров багшаас “Монголд мөрдөж байгаа элэгний сорилын нормууд чинь хаанахынх юм бэ, гэхэд Оросынхоо гэж хариулахад нь – миний бодлоор Монголчууд мах цагаан идээ голлон хэрэглэдэг, оросууд тахиа жимс ногоо голлон хэрэглэдэг болохоор элэгний сорил арай өөр гарах юм шиг санагдах юм гэхэд Багш минь нэг их том инээснээ -Чи их сонин сэтгэдэг хүүхэд байна. Бодох л асуудал. Чи сонирхож байвал тогтоолдоо гэсэн учраас хичээлийнхээ завсарлагаар 2- р курсынхээ турш бараг 700 гаруй хүн дээр судалгаа хийсний дүнд Монголчуудын элэгний нормыг шинэчилэн тогтоосон нь саяхан болтол мөрдөгдөж байлаа. Түүнээс хойш бидэнд өөрсдийн эмчилгээний ямар уламжлал байсан, юу өвлөгдсөн бол хэмээх бодол үргэлж намайг ээрч байв. Тэгээд ээждээ “Би Монгол эмнэлгээс суралцмаар байна” гэж хэллээ. Ээж “Ээ бурхан минь ийм юм хамаагүй ярьж болохгүй шүү” гэж болгоомжилж байсан нь саяхан мэт. Аргагүй шүү дээ 1980-аад оны эхэн үед бүх зүйл хаалттай байсан юм чинь. Нэг өдөр ээж “Би нэг мундаг хүн оллоо. Тэр Монгол эмнэлгийн эмч гэнэ. Чи тэр хүнээс л юм сур. Гэхдээ хэнд ч мэдэгдэж болохгүй шүү” гэлээ. Ингэж л анх багштайгаа учран золгосон. Манай багш Завхан аймгийн харьяат бөгөөд түүнийг төрөхөд гэрийнх нь тооноор гэрэл цацарч байсан гэдэг юм билээ. Нутгийнхан нь багшийг гэгээнтэн, хувилгаан хүн хэмээн дээдэлнэ. Тэрбээр маарамба хүн бөгөөд өвчнийг гайхалтай оношилж, эдгээдэг байлаа.

Багшаасаа авсан хамгийн чухал ололт юу байв?

Монголын уламжлалт анагаах ухаан гэж юу болох, ямар гайхамшигтай өв байдгийг зүрх сэтгэлээрээ мэдэрч авсан. Багшийн гол онол бол Монгол анагаах ухаан бол өвчнөөс урьдчилан сэргийлэх, өвчнийг гарсан даруйд төгс эмчлэн өвчтөнг архагшихаас урьдчилан сэргийлэх, биеийн тэнцвэрийг олгох зэрэг юм. Түүнээс гадна уламжлалт анагаах хүний биеийг илааршуулдгийг багшийнхаа үйлдлээр алхам бүрт харж, мэдэрсэн. Хэрэв би багшийгаа хүн эдгээж буй үйлдэл болгоныг хараагүй бол өнөөдөр энэ чиглэлээр мэргэшихгүй ч байсан байж магад. Энэ хугацаанд намайг няцаах гэж оролдсон, “Эмч хүн байж хоцрогдсон бүдүүлэг, шашны уламжлал хөөлөө” гэх цөөнгүй хүнтэй нүүр тулсан. Тэр болгонд шантарч байсан ч багшийнхаа эмчилгээ бүрийг санаж өөрийгөө зоригжуулдаг байлаа. Багштайгаа учирсан нь их ховор хувь заяа юм.

Хужиртад уламжлалт эмчилгээний анхны гараагаа эхэлсэн гэж сонссон?

Сургуулиа төгсөөд би хүнийг эмээр бус эмийн бус эмчилгээгээр эмчилнэ гээд Хужирт рашаан сувилалд очлоо. Очмогцоо ашиглахаа байгаад агуулах болгочихсон шилэн байшинг “Ургамал эмчилгээний кабинет” болгосон. Агь, ганга, таван салааны үнэр анхилж, шувууд жиргэсэн таатай орчинг бүрдүүлж хүмүүст тайвшруулах эмчилгээ хийж эхэлсэн. Зүрх, судас, даралттай хүмүүст их үр дүнтэй эмчилгээ байсан тул Тухайн үеийг МҮЭ-ийн дарга байсан Одончимэд дарга маань ихээхэн үнэлж 18 аймгийн эмч нарыг урьж “Алжаал тайлах даралт бууруулж, цусан хангамжийг сайжруулах үнэр эмчилгээний” сургалт бага хурлыг зохион байгуулаад тухайн үеийн Хужирт рашаан сувилалын дарга Авирмэд дарга маань маш их дэмжиж энэ талаар радио сонин хэвлэлээр ихээхэн ярьж бичиж байлаа. Эндээс харахад нэгдүгээр эмнэлгийн тасгийн эрхлэгч Мундаг профессор ч бай, том дарга нар залуучуудаа их дэмжиж ажилладаг их уужуу ухаалаг хүмүүс байсан нь харагддаг.

 

Өнөөдрийн Монголын уламжлалт анагаахын нэр хүндийг европтой харьцуулалтгүй. Гэтэл та “Монгол эмчийн тэмдэглэл” номондоо орчин үеийн шинжилгээгээр тогтоосон өвчний оношийг Монгол анагаах ухааны үүднээс хэрхэн оношилдог талаар багагүй бичсэн байсан?

Тийм тохиолдол их олон. Хадам ээжийг минь хавдартай гэж оношлосон нэгэн эмч “Муусайн уламжлалтынхан юугаа ч мэдэхгүй” гэж томорч эрүүл бүдүүн гэдсийг нь тайрч байлаа. Гэтэл тэр нь түүний хэлснээр хавдар бус наалдац байсан. Би “Хавдар биш” гэж хэлэхэд хэн ч итгэхгүй үл тоож байсан тул “Хэрэв хагалгааны дараа хавдар гэдэг нь эсийн шинжилгээгээр батлагдах юм бол би уламжлалтын эмч хийхгүй” гэдгээ дүүдээ хэлж байв.

Хатуухан хэлэхэд өнөөдөр улсын эмнэлгийн уламжлалт тасаг эрэлт багатай, эмээ, өвөө нарын хуянг тараах төдийнхөөр үйл ажиллагаагаа явуулдаг гэхэд хилсдэхгүй. Үүгээр өнөөдрийн байр суурийг нь тодорхойлж болох юм шиг ээ?

Би сургуулиа төгссөнөөс хойш өнөөдрийг хүртэл тасралтгүй Орчин үеийн болон Монголын уламжлалт анагаах ухаан хоёрыг онол болон практикийн түвшинд харьцуулан судалж байна. Энэ хугацаанд Польшийн болон олон улсын эрдэмтэд судлаачидтай хамтарсан судалгааг одоо ч хийж байгаа. Миний ажиглалтаар Монгол анагаах ухаан яах аргагүй түрүүлчихсэн…

Уламжлалтын эмч нарыг дүрс, компьютер оношлогоо шиг аливаа өвчнийг нэвт харна гэдэгт зарим хүн эргэлздэг?

Өнөөдөр өвчнийг их нарийн оношлодог болсон. Үүнтэй хэн ч маргахгүй. Гэвч аливаа зүйлд сайн муу хоёр тал бий. Долоон тэрбум хүн яг нэг рентген зураг шиг байхгүй. Дээрх жишээг татаж болно. Тэр эмч бол рентген зурган дээрх бүдүүн гэдэсний дээр байгаа цагаан толбыг хавдар гэж оношлоод яаралтай тайрч авахгүй бол томроод бүдүүн гэдэс бөглөрнө. Улмаар баасаараа бөөлжиж үхнэ гэж тайлбарласан учраас настангууд маш их айж сэтгэл зүйн дарамтанд орсон учраас л хурдхан авхуулая гээд л авхуулчихсан. Гэтэл тэр нь наалдац байх жишээтэй. Сүүлийн үед хавдар их гарч байна гэдэг бол оношлогооны алдаа. Шинжлэх ухаан техник маш хурдан хөгжсөн учраас ялихгүй өөрчлөлтийг хавдар гэж оношлоод байна. Гэтэл уламжлалт анагаах ухааны онолын үндсэн дээр үзэх, асуух, сонсох, хүрэлцэх шинжилгээгээр нарийн нягт оношилж хүндэрсний дараа бус өмнө нь эмчилдэг.

Уламжлалт анагаах ухаан учир шалтгааныг эмчилнэ гэдэг?

Өнөө үед цөсний чулуутай хүний цөсийг тэр чигт нь авч байна, таван жилийн дараагаар цөсний хордлогод ороод ходоод гэдэсний шарх сөөргөө зэрэг олон өвчний шалтгаан болж байна. Гэтэл Монгол анагаах ухаанд судсыг нь бариад танд цөсний чулуу байна, эсвэл чулуу үүсэхээс нь өмнө энэ хүнд элэг цөсний ралуун шар байгаа учраас цөсний чулуу магадлал өгдөр хэмээн үзэж зохих эм танг нь өгч тохирох идээ ундаа заслыг хэрхэн хийх талаар зөвлөлгөө өгч эмчилдэг. Түүнээс харснаа байна хараагүйгээ үгүйсгэдэг нь буруу. Өөрөөр хэлбэл Монгол анагаах ухаан судсаар ирээдүйд ямар өвчтэй болохыг урьдчилан хэлдэг. Монголчууд хүүхдээ 18 нас хүрэнгүүт маарамба дээр очиж оношлуулж ирээдүйд ямар өвчин тусч болзошгүй, ямар дэглэм барихыг тодорхойлж өгдөг байж. Энэ бол гайхамшиг.

Та Польш улсад олон жил хүний их эмчээр ажиллаж байна. Яагаад энэ улсыг зорьсон юм бэ?

Анх 1992 онд Ардын эмнэлгийн хүрээлэнгээс намайг Польш руу томилолтоор явуулсан. Очоод үзсэн хамгийн анхны өвчтөн бол хагалгаанд орох шаардлагатай гэж оношлогдсон ходоодны шархтай, бөөрний чулуутай хүн байв. Гэтэл тун удалгүй ходоодны шарх нь эдгэрч бөөрний чулуу нь хагас жилийн дараа цэвэршиж эдгэрсэн хэмээн баяр хөөр болон ирэв. Түүнээс хойш энэ сургийг дуулсан, хагалгаанд орох оноштой олон хүн ирэх болсон. Удаах өвчтөн нь төрснийхөө дараа муурч унадаг бүсгүй байлаа. Монгол тан уугаад гурван хоногийн дараа зүрх дэлсэж, толгой эргэх зовиур алга болжээ. Хожмоо бүсгүй “Өвчнөө мартаад өдөржин гэрээ цэвэрлэсэн” тухайгаа мишээл тодруулан ярьж билээ. Би зургаан сарын дараа Монгол руу буцсан. Гэсэн ч Польшийн талаас урилгууд ирж эргээд явсан.

Польшид албан ёсны эмчлэх эрхтэй цөөн эмч байдаг гэж сонссон. Шалгуур нь өндөр байх даа?

Хөдөө хэр их эмч байдгийг мэдэхгүй юм. Миний санаж байгаагаар 10 орчим албан ёсны эрхтэй эмч ажилладаг. Польш эмч нарын жишгээр шалгалт өгч эрхээ авна. Зургаан жил номын дуу сонссон эмч нартай хамт шалгуулна гэсэн үг.

Уламжлалт эмчилгээ үр дүнтэй ч гам алдвал улам дорддог хэмээн боддогоос иргэд Монгол эмнэлгээр үйлчлүүлдэггүй байж болох юм?

Зөв асуулт байна. Монгол эмэнд цөөн тооны л гам барих шаардлагатай эм бий. Түүнээс бусад эмэнд ямар ч гам шаардлагагүй. Би 30 орчим жил хүмүүсийг эмчилж байна. Хэзээ ч гам бариарай гэж хэлж үзээгүй. Европ эм тухайн өвчнийг л эдгээдэг бол Монгол эм сууринаас нь буюу таван цул эрхтэн, зургаан сав эрхтнийг эмчлээд, нөхөн сэргээдэг. Тиймээс Европ эм эмчилгээтэй хавсарсан ч харшилдаггүй. Хүний бие гэдэг нь бүх эд эрхтэн тэнцвэртэй ажиллаж л байвал өөрөө өөрийгөө эмчилж чадах гайхалтай ертөнц юм. Тиймээс Монгол анагаах ухаан нь хүн өөрийгөө эдгээх чадварыг нь дээшлүүлж чаддаг учраас Монгол анагаах ухаан гайхамшигтай гэж би үнэлдэг. Энэ утгаараа Монгол анагаах ухаан орчин үеийнхээс хэд дахин түрүүлчихсэн байна шүү. Монголчууд их өндөр хувь заяатай хүмүүс гэдэг үгийн утгыг нь анагаах ухааны үүднээс баттай үнэн гэж би хэлж чадна. Би номондоо “Энэ олон жилийн туршид хүн эмчлэхдээ Монгол анагаах ухааны гайхамшгийг олж харлаа” гэж бичсэн. 30 жилийн туршлага, ажиглалтаар л би үүнийг ингэж бардам хэлж чадаж байна.

Та урт наслахын нууцыг судлахын тулд европын ихэнх орноор явсан гэж сонссон?

Эрүүл энх урт наслах нууцыг судлахын тулд хамгийн эхэнд Япон руу явж байлаа. Дараа нь европ, Азийн нилээд орноор явсан. 1998 онд энэ сэдвээр анхны номоо гаргасан. Тэгэхэд ийм чиглэлийн ном их ховор ганц нэг орчуулгын дасгал хөдөлгөөн голлосон номууд байдаг байв

Судсаар оношлоно гэхээр гартаа асар их мэдрэмжтэй хүн л эмч болдог байх?

Монгол уламжлалт анагаах ухаан яагаад үнэн зөв байдаг вэ гэхээр бид харах, үнэрлэх, хүрэлцэх, сонсох гэх мэт таван мэдрэхүйгээр үздэг. Жишээ нь нүүрэн дээр нь тухайн хүний өвчнийг бичсэн байдаг. Сайн механикч хүн машины дууг сонсоод асуудлыг мэддэг шиг зөвхөн хүний царайнаас 20 хувийн мэдээллийг авчихдаг. Дуу хоолойн өнгө хүртэл ихийг хэлнэ. Өвчнөөс шалтгаалж хүмүүс янз бүрийн үнэртэй байдаг. Хүрэлцэх гэдэг нь судас барих болон нд эрхтнийг хүрэлцэж үзэх аргуудыг хэлж буй юм. Хурдан хугацаанд таван янзын оношлогоог хийдэг учраас алдаа мадаг бага. Доод тал нь 10 гаруй мянган хүний судсыг барьж үзэж байж л сая мэддэг болох болов уу.

Тэгвэл та өнөөдөр хэчнээн хүний судас барьсан бол. Барагцаалж мэдэх боломж байгаа юу?

Одоогоос дөрвөн жилийн өмнө хамт ажилладаг эмэгтэй үзлэгийн дэвтрээс шүүгээд та 250 мянга гаруй хүн үзсэн байна гэж билээ. Тэгэхээр дунджаар 300 орчим мянган хүн юм болов уу.

Таны номонд олон жил хүүхэд гаргаж чадаагүй эмэгтэйчүүд Монгол эм уугаад хүүхэдтэй болсон талаар бичсэн байсан?

Хүүхэдтэй болдоггүй олон хүн ирнэ. Манайд ирсэн хүмүүсээс зарим жилд ойролцоогоор 30-40 хүн монгол эм уугаад хүүхэдтэй болдог. Тэдний дунд хүүхэд олохгүй 4-5 жил, бүр 17 жил болсон эмэгтэйчүүд ч байсан. Тэр ч байтугай 28 настайдаа сарын тэмдэг нь ирээгүй хүн монгол эм уугаад хөл хүнд болсон ч тохиолдол бий. Одоо хоёр хүүхэдтэй.

Нүд нь сохорсон хүний элгийг эмчлээд хараа оруулж байсан гэж уншсан?

Монгол уламжлалт анагаах ухаанд нүдний цэцэг бол элэг гэдэг. Тэр хүн олон жил эмнэлгээр яваад нүдээ эмчлүүлж чадаагүй байв. Уламжлалт ухаанаар бол яах аргагүй элэг нь өвчилсөн байсан учраас элгийг нь эмчилсэн. Монгол ухаан үүгээрээ агуу юм. Хараа нь сайжирсан тохиолдол их. Зөвхөн ганц жишээ нь л энэ.

Орчин үед эмчлэгддэггүй гэх олон өвчин бий. Гэтэл Монгол уламжлалт анагаах ухаанаар цусны өвчнийг эмчилдэг гэх юм билээ?

Орчин үед цусны өвчнийг эмчлэгддэггүй гэж үздэг. Учир нь химийн эмчилгээ чөмгийг гэмтээдэг. Бүр дэлүүг нь авчихна. Гэтэл Монгол эмнэлэгт бүр эсрэгээр нь цусны өвчнийг эичлэхдээ Элэг, дэлүүг, ёөмгийг нь нахөн төлжүүлж аргадаж эмчиллэхээр үр дүнтэй байдаг.

Хүмүүс өөртөө эмч болчихож. Эмийн санч нь хүртэл эмчийн үүрэг гүйцэтгээд дуртай эмээ санал болгож байна. Энэ талаар ямар бодолтой байдаг вэ?

Зүрх өвддөг. Өнөөгийн хүмүүс өөрийнхөө мах бодийг мэдэхээ байсан гэж ярьсан даа. Хэрхэн мэдэж болох талаар өөрийнхөө “Эрүүл энх урт наслахын нууц” номондоо дэлгэрэнгүй бичсэн. Би төрөлхийн ямар махбодтой вэ гэдгээ л мэдчихвэл насан туршдаа аливаа өвчнөөс сэргийлж, сэдрээхгүй байх бүрэн боломжтой. Учир нь биеийн онцлогоосоо шалтгаалж идээ ундаа, өдөр тутмынхаа амьдрал буюу явдал мөрөө эрхэмлэж эм тангаа зөв зохистой хэрэглээд явах юм бол хүн эрүүл байх боломжтой. Жишээ нь ханиаданд шууд терафлю ууя гэж бодое Мэдээж эм үйлчлээд ханиадны шинж тэмдэг багасна. Гэсэн ч уг шалтгаан нь нь бүрэн эдгээгүй учраас архагшдаг. Ер нь юуны өмнө идээ ундаагаар дархлаагаа дэмжих нь чухал.

Та “Эрүүл энх урт наслахын нууц” номондоо хүн урт наслах, эрүүл байх гол үндэс нь буюу 70-80 хувь нь амьдралын хэв маяг, хүрээлэн буй орчноос шалтгаалдаг. Гэтэл өнөөдөр эсрэгээрээ 80 хувиа эмнэлэгт даатгасан талаар бичсэнийг уншсан?

Тийм ээ. Өнөөдөр өвдөж байгаа шалтгаанаа хайхгүйгээр л эмнэлэг бараадаж, эм уухыг урьтал болгодог. Гэтэл өндөр хөгжилтэй орнууд эмнэлгээс татгалзаж, хөдөлгөөн, эрүүл хооллолтыг чухалчилдаг болжээ. Манайхан эрүүл хооллолт гэхээр л жис ногоо идэж ус уух ёстой хэмээн эндүүрч өөх тосыг үзэн яддаг. Тийм биш юм. Цаг агаарын уур амьсгалдаа тохируулан хонины мах зэрэг тохирох хоол хүнсээ идэх хэрэгтэй.

Бид өөрсдийгөө үхэр монголчууд гэдэг. Харийн оронд амьдарч, Монголын уламжлалт анагаах ухааныг дэлгэрүүлж яваа эмчийн хувьд ямар байр суурьтай байдаг вэ?

Ази, европ хүүхдүүдийн ухаан огт өөр байдаг. Монгол хүүхдүүд илүү хурц ухаантай. Энийг Монгол хооллолттой холбоотой гэж боддог. Би Монголчууд ямар агуу ухаантай вэ гэдгийг жирийн малчид харуулдаг гэж боддог. Тэр их ухаан .байж хэдэн мянган малыг дөрвөн улиралдаа байгалийн эрс тэс уур амьсгалд зохицуулан маллаж юугаар ч дутахгүй сайхан амьдарч улс орныхоо хөгжилд асар их хувь нэмэр оруулж эх орныхоо түүхийг бүтээлцэж эх орон газар шорооныхоо эзэн нь байж чадаж байна. Хэр баргийн хүн ингэж чадахгүй шүү дээ.

Монгол хүн гэдгээрээ хамгийн их бахархсан үе хэзээ байв?

Хүн эдгээд ороод ирэхээр хамгийн их бахархдаг. “Та Монгол эм уусан юм чинь аргагүй шүү дээ” гэнэ. Харин намайг хүн магтахаар “Би Монгол хүн юм чинь” гэж бахархдаг.

Ярилцсанд баярлалаа