Нэг л хүнд зориулагдсан дуу уран бүтээл цөөнгүй байдаг. Тийм л уран бүтээлүүдийн  нэг бол “Чиний үгүйд” дуу юм. Эзэнтэй, хайрын гэрч болсон дуунуудын тоонд зүй ёсоор орох энэ уран бүтээлийг хэн хэн хэрхэн амилуулсанг та бүхэндээ хүргэж байна.

Уг дууны шүлгийг “Хонх” хамтлагийн С.Цогтсайхан бичиж, хөгжмийг Б.Цогтдэлгэр бичжээ. Түүнийг анх амилуулсан нь “Инээмсэглэл” хамтлаг. Харин энэ дууны эзэд бол Н.Ганхуяг, Б.Сарантуяа нар юм. Хөгжмийн зохиолч Б.Долгион нэгэн ярилцлагандаа “Манай Инээмсэглэл” хамтлагийн урын сангийн дуу. Бид анх энэ дууг яаж дуулах вэ гээд ярилцаж байлаа. Тухайн үед Сараа, Хуягаа хоёр хайр сэтгэлийн холбоотой байсан юм. Тэр хоёрт зориулж бичсэн гэж ойлгож болно. Сонсох бүрт хоёр дуучны маань чин сэтгэл мэдрэгддэг шүү. Бие биенээ хайрласан тэр сэтгэл нь “Чиний үгүйд”-ийг амилуулсан гэж боддог” хэмээн ярьсан байдаг.

Уг дуу уран бүтээл “Инээмсэглэл” хамтлагийн дуулснаар youtube хуудсанд байршаагүй учир энд оруулаагүй болно.

“Чиний үгүйд” дууг дууны эзэд ийнхүү дуулж байжээ.

Н.Ганхуяг,  Б.Сарантуяа “Чиний үгүйд”

1990-ээд онд гарч хайр сэтгэлийн илэрхийлэл болж байсан уг дууны түүчээ Э.Хосбаяр үргэлжлүүлсэн юм. Тэрээр UBS телевизийн захирал, хөгжмийн зохиолч Л.Балхжавын нэрэмжит “My voice” тэмцээний ялагчаар тодорч байсан чансаа өндөр залуу уран бүтээлч билээ. Тэрээр “Чиний үгүйд” дууг ийн амилуулжээ.

Э.Хосбаяр “Чиний үгүйд”

Монголын поп дива бүсгүй С.Сэрчмаа Тэмүүлэнгийн хамт уг дууг мөн дуулжээ. Хос дуучдын дуулах дуртай дууны нэг бол яахын аргагүй “Чиний үгүйд” аж.

С.Сэрчмаа, Тэмүүлэн “Чиний үгүйд”

 

“Чиний үгүйд” дууг хамгийн сүүлд дуулсан дуучин бол Э.Дашням юм. Voice of Mongolia” шоуны ялагч болж олны нүдэнд өртсөн тэрээр энэ дууг өөрийнхөөрөө амилуулжээ.

Эзэнтэй дуу гэдэг мөнх настай байдаг. Тас.мн “Харьцуулалт” булангаараа “Чиний үгүйд” дууг хэн хэн, хэрхэн амилуулсан талаарх мэдээллийг хүргэлээ. Уг уран бүтээлийг хэн сайн амилуулсанг эрхэм уншигч та бүхэнд үлдээе.