“Дулааны хоёрдугаар цахилгаан станц” ТӨХК-ийн санхүү, эдийн засгийн хэлтсийн дарга бөгөөд ерөнхий нягтлан бодогч Ц.Азжаргал гэх бүсгүй өнөөдөр захирлаасаа том толгойлж байгаа гэх мэдээллийг тус байгууллагын ажилчид ярьж байна.
Тэрбээр уг ажилдаа ямар ч сонгон шалгаруулалтгүйгээр очсон гэж байгаа. Үүнээс гадна дарга нар нь мөнгө өг гээд цохолт хийсэн байхад л мөнгийг нь олгодоггүй гэдгийг “Дулааны хоёрдугаар цахилгаан станц” ТӨХК-ийн ажилчид батлан ярьж байна.

Цалин

Үүнээс гадна тэрбээр өөртөө дур мэдэн цалингаа нэмсэн байх магадлалтай байна. Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 15.2.6 дахь заалтыг зөрчиж Санхүү, бүртгэлийн хэлтсийн дарга Ц.Азжаргалын үндсэн цалинг үндэслэлгүй тусгайлан нэмсэн, мөн ур чадварын нэмэгдлийг 30 хувиар олгож байна. Тодруулбал, Санхүү бүртгэл, эдийн засгийн хэлтсийн дарга бөгөөд нягтлан бодогч Ц.Азжаргалыг 2021.10.15-ны өдрийн Б/171 тоот тушаалаар томилон 1 645 000 төгрөгөөр цалинжуулж, удаан жилийн нэмэгдлийг 35 хувь, мэргэшсэн нягтан бодогчийн нэмэгдлийг 15 хувь, “Эрчим хүчний тэргүүний ажилтан” цол тэмдгийн урамшууллыг сар бүр олгох, сарын үр дүнгийн шагналыг хоёр дахь сарын цалингийн гүйцэтгэлээс эхлэн тооцож олгороор тогтоосон байна. Анхаарал татсан энэ асуудал нь аудитын шалгалтаар илэрсэн юм.

Сонгон шалгаруулалтгүйгээр хүн ажилд авсан

Мөн Монгол улсын Засгийн газрын 2021 оны “Төсвийн хэмнэлтийн талаар авах зарим арга хэмжээний тухай ” 43-р тогтоолын 1,2 … өндөр насны тэтгэвэр тогтоолгож чөлөөлөгдсөн ажилтны орон тоог царцааж, нөхөн томилгоо хийхгүйгээр цалингийн зардлыг хэмнэх гэж заасныг зөрчиж, санхүү, эдийн засгийн хэлтсийн дарга бөгөөд ерөнхий нягтлан бодогч Ц.Азжаргал нь өөрийн таньдаг хүнийг сонгон шалгаруулалтгүйгээр шууд томилуулсан байна.
БГД-ийн татварт тушаах мөнгийг ЧД-ийн татварт санаатайгаар ДӨРВӨН сар тушаасан
Ямар ч нягтлан хүн татвараа байгууллагынхаа харъяа дүүргийн татварт төлөх ёстой. Гэтэл “Дулааны хоёрдугаар цахилгаан станц” ТӨХК-ийн санхүү, эдийн засгийн хэлтсийн дарга бөгөөд ерөнхий нягтлан бодогч Ц.Азжаргал ажилчдын 2022 оны 3, 4, 5, 6-р саруудад цалин, хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос суутгасан татвар болох 252 182 100 төгрөгийг Чингэлтэй дүүргийн татварын хэлтэс рүү иргэн Ц.Азжаргал нэрээр хийсэн байна. Уг нь татварыг шилжүүлэхдээ хувь хүний нэр дээр биш, байгууллагын нэрээр хийх ёстой. Мөн Баянгол дүүргийн татварт тушаах мөнгийг Чингэлтэй дүүргийн татвар руу хийсэн нь өөрөө мэргэжлийн хүний хувьд маш алдаа юм.

Ажилдаа хайнга ханддаг

Тэрбээр энэ мэтээр дураараа аашилж, байгаагаас гадна ажил үүрэгтээ хайнга ханддаг болох нь шилэн дансны мэдээллээс харахад л батлагдана. Хамгийн ойрхон жишээ гэхэд шилэн дансны мэдээллээс харахад ДЦС-3” ТӨХК руу хийх гүйлгээг ХОЁР ТЭГ нэмж 256,724.07 төгрөгийг 25,672,407 болгож шилжүүлсэн байна.

Мөнгө завшсан байж болзошгүй “ГЭМТ ХЭРЭГ”

Үүнээс гадна компанийн мөнгөн хөрөнгийг арилжааны банканд олон тооны данс нээж, хаах зэргээр мөнгө хүүлэх, уг данснуудыг хүүгийг орлого балансад бүрэн тусгагдсан эсэх тодорхойгүй байгаа юм. Уг нь компанийн мөнгөний хадгаламжийн хүү ч компанийн мөнгө төдийгүй, үүнийгээ үйл ажиллагааны бусаар олсон орлого хэмээн хувь хүмүүсийн дансаар гарган хууль бусаар зарцуулсан байж болзошгүй үйлдэл гаргасан байгаа. Хүүгийн орлогоор нийт 38.6 сая төгрөг байсан нь аудитын шалгалтаар тогтоогдсон юм билээ.
Энэ мэтээр “Дулааны хоёрдугаар цахилгаан станц” ТӨХК-ийн санхүү, эдийн засгийн хэлтсийн дарга бөгөөд ерөнхий нягтлан бодогч Ц.Азжаргалын гаргасан алдаа зөрчил үргэлжилнэ. Гэхдээ энэ бүхэн нь зөвхөн илэрсэн нь бөгөөд илрээгүй алдаа дутагдал байгаа гэдгийг эх сурвалж хэлж байв.
Харин ийм алдаа дутагдал гаргасан хүн өнөөдрийг хүртэл “Дулааны хоёрдугаар цахилгаан станц” ТӨХК-д хэлтсийн даргаар ажиллаж байгаа нь анхаарал татаж байна. Хэрвээ өөр байгууллагад ийм алдаа гаргасан бол ажилдаа үлдэх байсан нь эргэлзээтэй юм.
Магдагүй “Дулааны хоёрдугаар цахилгаан станц” ТӨХК-ийн захирал Ц.Минжинхүү энэ асуултад хариулах бизээ? Бид энэ талаар түүнээс тодруулан эргэж мэдээлэх болно.

А.Баярмаа