“Харьцуулалт” булангаараа нэг уран бүтээлийг хэн гэдэг уран бүтээлчид хэрхэн амиулсанг нэгэн дороос сонсох, унших боломжийг өгөхийг хичээдэг. Бид хэн нэгэн уран бүтээлчийг хэт дөвийлгөн, хэн нэгнийг нь харьцуулсан удаа огт үгүй. Хэн сайн амилуулсанг тунгаах эрхийг уншигч та бүхэнд үлдээдэг билээ.
Уран бүтээлч бүрийн хүсэл ч мэдэх байж болох нэг хүсэл бий. Тэр нь өөрийн уран бүтээлээр овоглогдох юм. Тийм л эрхэм хүний анх дуулж амьдруулсан “Босго давсан хун” дууг энэ удаа онцолж байна.
Их говийн тухай, говийн хүмүүний тухай цээл хоолойгоор дуулж, Монголын ард түмний хайр хүндэтгэлийг хүлээсэн эрхэм бол Тэшинхэн жонжуулж явна гэсээр тайзан дээрээ гарч ирдэг дуучин, МУСТА Б.Цэрэн-Очир байлаа. Тэрээр Ц.Чинбатын шүлэг, Б. Дамбадаржаа /СТА/-ийн аялгуугаар бүтсэн “Босго давсан хун” дууг анхлан дуулж “Дүүрэн заяатай Монгол” цомогтоо оруулсан байдаг.
МУСТА Б.Цэрэн-Очир “Босго давсан хун”
Эзэн нь мөнх бус ч, бүтээл нь мөнхөд эгшиглэдэг жамтай. Дуу дуулагдаж байж гэмээнэ эгшиглэнт чанар нь амьтай байдаг. Дараа үеийн уран бүтээлчдээр уран бүтээл дахин амилж амьдардаг. Энэ л жишгээр “Босго давсан хун” дууг Б.Нямзагд, Б.Хандмаа нар албан ёсны зөвшөөрлийг авч шинэчилсэн найруулгатайгаар дуулжээ.
МУСТА Б.Нямзагд, Б.Хандмаа “Босго давсан хун”