…Явуулын хүн та дээшээ морилно уу

Явдал саатан суудалд тухална уу
Яруухан шүлэг таалан сонсоно уу
Ялгуухан аялгуунд уяран хөгжилдөнө үү… хэмээн аялгуулан дуу уран бүтээл бол Тал бичээч хэмээн олноо алдаршсан Да.Жаргалсайханы үг, аяаар бүтсэн “Дээшээ морил” дуу юм.

Уг уран бүтээлийг дуу хуурын өлгий нутаг гэгддэг Дундговь аймгийн “Дуурьсал” хамтлаг дуулан түмэн олондоо хүргэсэн байдаг. Тэд “Дээшээ морил” нэртэй төслийг хэрэгжүүлж явсан удаатай. “Дуурьсал” хамтлаг нь ардын дууны хэв маяг дээр уламжилж, орчин үеийн хөгжмийн найруулгыг шийдэн, язгуур шинжийг агуулсан этник поп чиглэлийг барьж, ерөөл, бэлгэдлийн шинжтэй уран бүтээлээ туурвиж буй ганц хамтлаг юм.

“Дуурьсал” хамтлаг “Дээшээ морил”

Дуу гэдэг шинэ дуулалт, шинэ өнгө аясаар дахин амилдаг учиртай. “Дээшээ морил” дууг түмэн олны сонорт эмэгтэй хүний уянга яруу, уран тансаг хоолойгоор хүргэсэн нь МУСТА, Э.Чулуунчимэг. Тэрээр ийтийн дууны ертөнцөд өөрийн гэсэн өнгө төрхийг бүтээж чадсан эмэгтэй билээ.

Э.Чулуунчимэг “Дээшээ морил”

Намрын улиралд айраг шимэнгээ сонсох ардын дуу шиг мөнхөд эгшиглэх “Дээшээ морил” дууг хэн сайн амилуулсанг мэргэн уншигч та бүхэн дор бүрнээ тунгаах биз ээ.