“Хайртай хүнээ явуулах, орхих хэмжээний хайр байдаг…” Жэннифэр Лопэз хэлсэн байдаг. Түмэн олон сайхан хайрын дуун дотроос хөнгөхөн гунигтай ч хүний сэтгэл мөнхөд эгшиглэдэг дуу гэж бас бий. Харьцуулалт булангийнхаа энэ удаагийн дугаарт “Түүнд би хайртай байсан” уран бүтээлийг онцлож байна.

Тавиад жил эгшиглэж буй энэ уран бүтээлийг 1973 онд яруу найрагч Жамсрандоржийн Оюунцэцэг шүлгийг тэрлэсэн байдаг. Үүнээс арав гаруй жилийн дараа 1988 онд хөгжмийн зохиолч Алтангэрэлийн Батсүх аялгууг нь хийж “Соёл-Эрдэнэ” хамтлагийн отгон дуучин гэдгээрээ үзэгчиддээ хүндлэгдсэн МУСТА, ая зохиогч, дуучин Б.Цогтдэлгэрт өвлүүлэн өгч байсан түүхтэй гэнэ. Тэрээр нэгэн ярилцлагандаа “Багшийнхаа уран бүтээлийг анх тайзан дээр дуулж байснаа ердөө мартдаггүй юм. Миний хамгийн анх дуулсан, намайг олонд таниулсан уран бүтээл л дээ. Чанартай сайн бүтээл гэдэг 30 битгий хэл, 100 жил ч оршин тогтнодог гэдгийг баталж байгаа дуу гэж дотроо боддог юм. Энэ уран бүтээлээрээ олон улсын уралдаанд оролцож тэргүүн шагнал хүртэж байсан түүхтэй.” хэмээсэн байдаг.

Б.Цогтдэлгэр “Түүнд би хайртай байсан”

Нэгэн хэсэг дуучид дуугаа сольж дуулдаг сонин содон нэвтрүүлэг олны анхаарлыг татах болсон. SBN телевизээс зохион байгуулсан шоу нэвтрүүлгээс хойш дуучид нэгнийхээ дууг авч дуулах нь мода болсон гэхэд хилсдэхгүй. Яг энэ жишгээр дуучин Э.Төрмандах “Түүнд би хайртай байсан” дууг өөрийн хэв маягаар дуулсан байдаг. “Аархал” дуугаараа олонд танигдаж аархаж дуулдаг омголон дуучинд уянгын дуу ч зохидог гэдгийг энэ уран бүтээл тодотгож өгсөн.

Э.Төрмандах “Түүнд би хайртай байсан”

Хөнгөхөн гунигт бүтэлгүй хайраа дурсах, таныг “эморуулах” хайрын тухай бүх цаг үеийн хамгийн гунигтай дууны нэг байж болох “Түүнд би хайртай байсан” дууг хэн хэн амилуулсанг хүргэлээ. Аль дуучин нь хэрхэн амилуулсанг мэргэн уншигч та бүхэн дор бүрнээ тунгаах эрхийг таньд олгодог билээ.