Нийслэлийн прокурорын газрын ерөнхий прокуророор ажиллаж байсан Д.Баярмагнайгийн гуйснаар Дархан-Уул аймгийн ерөнхий прокурор, цагдаагийн дарга, ажилтнууд модны ченжид давуу байдал үүсгэсэн гэх хэргийг тус аймгийн сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир шийдвэрлэснийг хэн ч анзааралгүй өнгөрөв.
![]()
Сэлэнгэ аймгийн харьяат, “Гутлын Соёлоо” гэдэг нэрээр нь орон нутгийнхан нь мэддэг М.Соёл-Эрдэнэ орон нутгаасаа Улаанбаатарын чиглэлд олон улсын тээврийн буюу транзит дугаартай автомашинаар 2022 оны 11 дүгээр сарын 8-нд гарал үүслийн гэрчилгээгүй мод тээвэрлэж Дархан-Уул аймгийн Дархан сумын нутагт явахад нь тус аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч Ц.Бат-Оргил зогсоон шалгахаар болжээ. Улмаар машиныг нь журамлан саатуулахаар болж байтал М.Соёл-Эрдэнэ НПГ-ын ерөнхий прокурор асан Д.Баярмагнай руу утсаар ярьсан байна. Үүний дараа Д.Баярмагнай Дархан-Уул аймгийн прокурорын газрын ерөнхий прокурор Т.Ууганбаатарын утас руу залгаж “Дарханы цагдаагийн пост дээр транзит дугаартай машин явуулахгүй байна” гэж хэлжээ. Т.Ууганбаатар Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Ганзориг болон орлогч прокурортоо Д.Баярмагнайгийн ярьсны дагуу холбогдсон байна. ЦГ-ын дарга нь Замын цагдаагийн тасгийн дарга Т.Батнямд “аймгийн прокурор залгаад бичиг баримттай машин зогсоосон юм уу” гэж асууж байна” хэмээсэн гэнэ. Т.Батням тасгийнхаа ахлах зохицуулагч Б.Зам руу ярьжээ. Ийнхүү дээрээс нь удирдлага, хяналт доорж албан тушаалтан хүртэл ярьж уг мод ачсан тээврийн хэрэгслийн жолооч М.Соёл-Эрдэнэд давуу байдал олгосноос маргаашнаас тэрбээр цагдаагийн байгууллага руу ирэхээ больсон гэнэ.
Үүнээс гадна Дархан-Уул аймгийн ЦГ-ын дарга, цагдаагийн хурандаа Д.Ганзоригийг Замын цагдаагийн тасгийн ажилтнууд болох Д.Энхтайван, Д.Энхбаясгалан нарт үүрэг өгч, тус аймгийн Засаг даргаар ажиллаж байсан Г.Эрдэнэбатын согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчлийг шалгуулалгүй, хуулийн дагуу шийдвэрлүүлэлгүй давуу байдал олгосон гэж НПГ-аас яллах дүгнэлт үйлдсэн байна. 2022 оны зургаадугаар сард Дархан-Уул аймгийн Засаг даргаар ажиллаж байсан, өдгөө “Дархан-Ус суваг” компанийн захирлаар ажиллаж буй Г.Эрдэнэбат маш их хэмжээний согтолттой, “Мицубиши АСК” маркийн автомашин жолоодож явжээ. Энэ үед замын цагдаагийн зохицуулагч Д.Энхбаясгалан очиж бичиг баримтыг нь шалгахаар болсон ч тэрээр шалгуулаагүй, “ЗДТГ-аас машинаа бариад ирлээ” гэж хэлсэн аж. Улмаар Г.Эрдэнэбат нь гар утсаа гаргаж хэн нэгэн рүү залгаж “Сайн уу хурандаа. Би согтуугаар машин бариад жаахан явчихлаа. Танай цагдаа нар намайг зогсоогоод шалгаж байна. Би ажлынхаа хажууд ирчихсэн байна” гэх зэргээр ярьсан байна. Удалгүй замын цагдаагийн зохицуулагч Д.Энхбаясгалангийн гар утас руу хэн нэгэн албан тушаалтан залгаж “Дээрээс дарга ярилаа. Наад хүнийг чинь зүгээр явуул гэж байна” гэснээр Г.Эрдэнэбатад арга хэмжээ авалгүй орхисон гэнэ. АТГ-ынхан энэ хэргийг шалгаад НПГ-аас “Гутлын Соёлоо” хэмээх М.Соёл-Эрдэнэд Эрүүгийн хуулийн 22.5-1-ийн бусдад хахууль өгөхийг завдсан, Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын мөрдөн байцаах тасгийн экологийн асуудал хариуцсан мөрдөгч Б.Оргил, Хонгор сумын экологийн асуудал хариуцсан байцаагч Б.Отгонсүрэн, ЦГ-ын экологийн асуудал хариуцсан эрүүгийн ахлах мөрдөгч Б.Зам, ЦГ-ын дэд бөгөөд Эрүүгийн цагдаагийн тасгийн дарга Т.Батням, Дархан-Уул аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурор Т.Ууганбаатар, НПГ-ын ерөнхий прокурор асан Д.Баярмагнай, энд дурдсан хэргүүд гарах үед Дархан-Уул аймгийн ЦГ-ын даргаар ажиллаж байсан, цагдаагийн хурандаа Д.Ганзориг, тус аймгийн ЦГ-ын Замын цагдаагийн тасгийн дарга байсан Д.Энхтайван, зохицуулагч Д.Энхбаясгалан нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1-1 дэх хэсэгт заасан бусдад давуу байдал олгосон хэмээн яллах дүгнэлт үйлджээ. Харин Дархан-Уул аймгийн сум дундын шүүхийн шүүгч Б.Ихтамир энэ хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19-1.1 дэх хэсгийн гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шүүгдэгч нарыг цагаатгасан байна. Ингэхдээ Дархан-Уул аймгийн Засаг дарга асан, одоо “Дархан-Ус суваг” компанийн захирлаар ажиллаж буй Г.Эрдэнэбатын согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон үйлдлийн болсон цаг хугацааг нарийвчлан тогтоолгох ёстой, Б.Оргил, Б.Отгонсүрэн, Б.Зам, Т.Батням, Т.Ууганбаатар, Д.Ганзориг нарын албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх үйлдэлд Авлигын эсрэг хууль болон бусад хууль тогтоомж зөрчсөн зөрчлийн шинж байгаа, эсэхэд эрх зүйн дүгнэлт хийж шийдвэрлүүлэх гэсэн салаа утгатай шийдвэр гаргаж, тогтоол баталсан гэнэ. Энэ хэргийг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг НПГ-ынхан эсэргүүцэж, давж заалдах, эсэх нь тодорхойгүй байна. Магадгүй прокурорын байгууллагын өндөр албан тушаалтнууд холбогдсон учраас дээд шатны шүүхэд нь эсэргүүцэл бичихгүй ч байх магадлал бий.
А.Баярмаа