Монголд үйл ажиллагаа явуулдаг гадаадын, тэр дундаа БНХАУ-ын иргэдийн хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийнхэн төрийн тусгайлсан чиг үүрэгтэй байгууллагын хууль сахиулагчдад хахууль өгөхийг завдах тохиолдол цөөнгүй гарч байна. Экологийн цагдаагийн албанаас өнгөрсөн есдүгээр сард Багахангай дүүрэгт гэнэтийн шалгалт хийхэд өмнөд хөршийн иргэний хөрөнгө оруулалттай, ган туйван, металл хийц үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Синвоюань” компанийг шалгасан. Гэтэл тус компанийнхан ямар нэг тусгай зөвшөөрөл авалгүйгээр химийн бодис хууль бусаар хадгалсан, ашиглаж байсан нь илэрч, шалгалтын ажиллагааг үргэлжлүүлэх болоход тус компанийн үйлдвэрийн захирлаар ажилладаг, БНХАУ-ын иргэн Хуан Хай Экологийн цагдаагийн албаны Эрүүгийн цагдаагийн хэлтсийн ахлах мөрдөгчид хоёр сая төгрөгийн хахууль өгөхийг завдсан билээ. Тэрбээр гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулж шийдвэрлүүлсэн бөгөөд түүнд шүүх гурван сая төгрөгөөр торгох ял шийтгэсэн юм.
