Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газрын дарга З.Батбаяр нүхэн жорлонгоос үүдэлтэй ундны усны бохирдлын талаар мэдээлэл хийлээ.

Тэрээр, “Есдүгээр сараас эхлээд Улаанбаатар хотод барилга барьж байгаа компаниудын хөрсний ус шавхалтын талаар ярьсан. Улаанбаатар хотыг усаар хангадаг УСУГ-ын удирдах газар жилд 48 сая м3 усыг нийлүүлдэг. Гэтэл хөрсний ус шавхан зайлуулж байгаа арван компанид дүгнэлт гаргахад шавхан зайлуулж байгаа усны хэмжээ нь хоёр сая м3 байсан. Ганцхан сарын дотор аравхан компани хоёр сая м3 усыг шавхан зайлуулж байна. Улаанбаатар хотын хагас сар хэрэглэх усыг аравхан компани шавхан зайлуулж байна гэсэн үг. Энэ компаниуд газар доор байсан усыг ид гаргаж байгаа учраас ашиглалт гэж үзээд их хэмжээний төлбөр ногдуулах ёстой. Хоёрт, нэгэнт их хэмжээний төлбөр төлж, усаа ил гаргасан бол ашиглах боломжийг бий болгох ёстой. Иймээс аравдугаар сараас машин угаалгын газрууд ашиглаж эхлэхээр ярьсан. Үүнийг 2024 оны нэгдүгээр сарын 1-ээс УСУГ-ын удирдах газрыг дэмжинэ гэдэгт итгэлтэй байгаа. Нэгдүгээр сарын 1-ээс Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа машин угаалгын газруудад цэвэр ус нийлүүлэхгүй байх зарчимтай байна. Улаанбаатар хотод 600 гаруй мянган автомашин бий. Машинаа сард нэг угаалгадаг гэж бодох юм бол 600 мянган автомашиныг сард угаалгана. Нэг машиныг 250 орчим литр усаар угаадаг. Тэгвэл дээр дурдсан хөрсний ус шавхан зайлуулж байгаа компаниудаас машин угаалгууд усаа авах боломжтой байна. Монгол Улсад усыг дахин ашигладаг ганц хоёрхон газар хаягдал усаа цэвэршүүлээд, түүнийгээ зарж чадахгүй сууж байна. Тиймээс бодитоор усны дахин ашиглалтыг бий болгоё гэдэг үүднээс машин угаалгын газар цэвэр ус нийлүүлэхгүй байх үйл ажиллагаа руу орно.

Мөн үүнтэй ижил нэг зүйл нь өчигдөр болсон “Дэлхийн жорлонгийн өдөр”-тэй холбоотой асуудал. Улаанбаатар хотод 600 мянган тээврийн хэрэгсэл байдаг. Тэгвэл нэг тээврийн хэрэгслээс ямар хэмжээний хорт бодис ялгарах вэ. Яг үүнтэй ижил хортой 680 мянган нүхэн жорлон Улаанбаатар хотод байдаг. Машинаасаа олон нүхэн жорлонтой. Нэг тээврийн хэрэгслийн ялгаруулж байгаа хорт бодис нэг жорлонтой харьцуулбал хүний биед яаж нөлөөлөх вэ. Мэдээж жорлон хамаагүй их сөрөг нөлөөтэй. Монгол Улсын нийт хүн амын 2/3 нь гэр хороололд амьдарч байгаа. Гэр хороолол гэдэг үгний цаана нүхэн жорлон байгаа гэж хэлж болно. Энэ нь гурван хүн тутмын хоёр нь нүхэн жорлон ашиглаж байна. Үүнээс улбаалан ундны ус бохирдож эхэлж байна. Нэгд, төвлөрсөн усан хангамж буюу УСУГ-ын удирдах газраас хангаж байгаа ус найдвартай. Өглөө бүр шинжилгээ хийж байгаа. Чанарын шаардлага хангадаг. Харин үлдсэн хэсэг нь буюу Улаанбаатар хотод байгаа 17 мянган худгаас ус ууж байгаа хүмүүс эрсдэлтэй байна. Өмнө нь хэлж байсанчлан Зайсан гэдэг аманд байрлах гурван хотхоноос гэдэсний савханцар илэрсэн, бусад хотхоноос ч илрэх боломжтой. Ууж байгаа уснаас нь шүү. Мөн 680 мянган жорлонг 17 мянган худагт хувааж үзвэл нэг худгийг тойроод 40 жорлон байна. Тэгэхээр худаг цэвэрхэн байх үндэс байна уу” гэлээ.