Хууль зүйн үндэсний хүрээлэнд 2023 оны 11-р сарын 24-ний өдөр “Нотариатын мэдэгдэх хуудас шүүхийн шийдвэр гүйцэтгэх үндэслэл болох нь” сэдэвт хэлэлцүүлэг боллоо. Хэлэлцүүлгийг “Монголын Хуульчдын Холбоо”-ны Нотариатчдын хөгжлийг дэмжих хорооноос санаачлан “Монголын Хуульчдын Холбоо”-ны Шүүгчдийн хороо, Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий газар, Өмгөөллийн “Легал Полиси” ХХК нар хамтран зохион байгууллаа.

Уг хэлэлцүүлгийг зохион байгуулснаар иргэд болон аж ахуй нэгжүүд өр, төлбөртэй холбоотой асуудлаа нөгөө талтайгаа харилцан тохиролцсоны үндсэн дээр үл маргах журмаар гэрээ байгуулж, цаашлаад Нотариатын тухай хуулийн 45-р зүйлд заасан “Нотариатын мэдэгдэх хуудас”-ны тусламжтайгаар шүүхийн урт үргэлжилсэн процессийг дамжихгүйгээр түргэн шуурхай шийдэх боломжийн талаар шүүгч, шүүхийн шийдвэр гүйцэтгэгч, нотариатч, хуульчид тус бүр өөрсдийн байр сууринаас тайлбарлан, анхаарах хэрэгтэй асуудлууд болон практик шийдлийг хэлэлцлээ.

 

Өөрөөр хэлбэл төлбөр төлөгч болон төлбөр авагч талууд сайн дурын үндсэн дээр “Төлбөр барагдуулах гэрээ”-г байгуулж эргэн төлөх хуваарь зөрчигдсөн тохиолдолд нотариатчд хандаж “Нотариатын мэдэгдэх хуудас” бичүүлснээр уг мэдэгдэх хуудасд үндэслэж шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулах шүүхийн бус журмаар харилцаагаа зохицуулах боломж юм.

Хэлэлцүүлгт зөвхөн төрийн байгууллагууд бус бодит харилцаанд “Нотариатын мэдэгдэх хуудас”-ыг ашиглаж олон төрлийн төлбөр барагдуулсан, 2023 онд нийт бичигдсэн “Нотариатын Мэдэгдэх хуудас”-ны 75%-ийг бичүүлсэн туршлагатай Өмгөөллийн “Легал Полиси” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Даваажанцан илтгэл тавьсан бөгөөд “… зарим тохиолдолд нэгэнт гарсан “Нотариатын мэдэгдэх хуудас”-ыг шүүхийн байгууллага баталгаажуулахгүй байгаа нь зөвхөн шүүх байгууллага бус тус харилцаанд оролцож буй бүхий л тал “Нотариатын мэдэгдэх хуудас”-ны өөр өөр ойлголттой байгааг харуулж байгаа бөгөөд энэ хэлэлцүүлгээр зогсохгүй олон төрлийн сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулах шаардлагатай” талаар цохон тэмдэглэж байв.

 

Энэ талаар хэлэлцүүлгийг зохион байгуулагчдын нэг болох  Монголын хуульчдын холбооны Зөвлөлийн гишүүн,  Өмгөөллийн “Легал Полиси” ХХК-ийн дэд захирал С.Эрдэнэсувд: “… талууд зээлийн гэрээ хийсэн тохиолдолд дагалдах “Төлбөр барагдуулах гэрээ”-г нэмэлтээр буюу үл маргах журмаар харилцан тохиролцож хийсэн бол нотариатын мэдэгдэх хуудсаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас гүйцэтгэх ажиллагаа явуулах боломжтой, гэтэл талуудын дээрх тохиролцоонд шүүх хөндлөнгөөс оролцож мэдэгдэх хуудсыг баталгаажуулахгүй цөөн тохиолдлууд гарч байна” гэсэн бол

Нотариатчдын хөгжлийг дэмжих хорооны тэргүүн, Монголын Нотариатчдын танхимын Ерөнхийлөгч, Хууль зүйн ухааны доктор
Ч.Баянжаргал: “… Казакстанд “Нотариатын мэдэгдэх хуудас” 98.15 хувийн хэрэгжилттэй байдаг. Бүх асуудлыг шүүхийн журмаар шийдвэрлэх нь өөрөө эргээд ээдрээ төвөгтэй хэрэг маргаанд зарцуулах шүүхийн ажиллагааг уяж байна” хэмээв

https://www.facebook.com/reel/3185440168430945

Харин “Нотариатын мэдэгдэх хуудас”-аар талууд төлбөртэй холбоотой асуудлаа шийдсэнээр шүүхийн ачаалал эрс буурах талаар  Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч

Ц.Оюунбилэг: “… судлагаагаар шүүхээр шийдэгдэж байгаа нийт хэрэг маргааны 45%-ийг жижиг үнийн дүнтэй маргаан эзлэж байна. Нотариатын мэдэгдэх хуудсыг практикт хэрэглэж чадвал энэ хэмжээгээр шүүхийн ачаалал буурах боломжтой гэж харж байна.” хэмээн тус тус үзэж байна.

Үүний дараа  хэлэлцүүлэгт оролцогчид илтгэгч нар болох Нотариатчдын хөгжлийг дэмжих хорооны тэргүүн, Монголын Нотариатчдын танхимын Ерөнхийлөгч, Хууль зүйн ухааны доктор Ч.Баянжаргал, Монголын хуульчдын холбооны Зөвлөлийн гишүүн,  Өмгөөллийн “Легал Полиси” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Даваажанцан, Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дэд дарга, дэд хурандаа С.Бямбарагчаа нараас хэлэлцүүлэгт оролцсон хуульч, нотариатч, эрх зүйч, судлаачдын зүгээс сэдвийн хүрээнд асууж, тодруулага авсан.

Мөн тулгарч байгаа бэрхшээл, хуулийн зохицуулалт, олон улсын жишиг, юун дээр анхаарах зэргийг ярилцсан бөгөөд талууд төлбөрийн үлдэгдэл дээр маргаагүй, бага үнийн дүн бүхий авлагыг заавал шүүхийн журмаар шийдвэрлэж цаг хугацаа, хөрөнгө мөнгөө нэмж үрэх бус, харин “Нотариатын мэдэгдэх хуудас”-ны тусламжтай цаг алдалгүй зохих шатны байгууллагад шилжүүлэх эрх зүйн боломж байгаа нь өнөөгийн Монголын шүүхийн ачаалал, эдийн засгийн үр нөлөө зэрэг олон асуудлыг шийдвэрлэхэд жинтэй хувь нэмэр оруулна хэмээн үзэцгээж байв.

 

Бид уг хэлэлцүүлгийн зургуудаас хүргэж байна.