Нэгүүн.мн сайтын бэлтгэсэн Эмээлтийн өмхий махны цуврал сурвалжилгын дүнд БНХАУ-ын иргэн Чен Бин болон “Эм Ди Си Пи” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Н.Цогтгэрэл нарт эрүүгийн хэрэг үүсгэсэн шалгаж улмаар  шүүхээр гэм буруутай эсэхийг хэлэлцүүлж байгаа билээ.

Өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Эмээлтийн “өмхий махны” гэх хэргийн шүүх хурал 08:30 цагт товлогдсон бөгөөд товлосон цагаасаа нэг цагаар хоцорч эхэлсэн юм.

Нээлттэй уг шүүх хурлыг Шүүхийн ерөнхий зөвлөлөөс шууд дамжуулсан бөгөөд манай сурвалжилах баг ажиглагчаар оролцлоо.

Шүүх хуралдаан эхлэхэд БНХАУ-ын иргэн Чен Бин иргэний үнэмлэхээ машинд үлдээсэн гэх шалтгаанаар шүүхийг үл хүндэлсэн хандлага гаргасан. Аль улсын иргэн байхаас үл хамааран бичиг баримтаа биедээ заавал авч явах ёстой байтал тэрбээр иргэний үнэмлэхээ шүүхэд үзүүлээгүй юм.

Мөн шүүх хуралдаанд шүүгдэгч нарын нэг болох “Эм Ди Си Пи” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Н.Цогтгэрэл хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй.  Түүний өмгөөлөгчийн хэлж байгаагаар өнөөдөр өглөө гэнэт бие нь муудаж эмнэлэгт хүргэгдсэн гэж байгаа ч энэ талаар нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй юм. Тиймээс дараагийн шүүх хуралдаанд албадан ирүүлэхээр болж байна.

Өөрөөр хэлбэл энэ удаагийн шүүх хурал ирцтэй холбоотойгоор буюу нэг шүүгдэгч ирээгүй тул шүүх хурлыг 12-р сарын 12-ны өдрийн 10 цаг хүртэл хойшлууллаа.

Шүүх хурал дууссаны дараагаар шүүгдэгчийн өмгөөлөгч дараагийн шүүх хурлыг хаалттай явуулах хүсэлтээ өгнө хэмээн үйлчлүүлэгчтэйгээ ярьж байхыг шүүхийн байранд байсан хүмүүс сонссон байна. Энэ нь шүүгдэгч Н.Цогтгэрэл хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралд  ирээгүй байж болзошгүй  бөгөөд  энэ үйлдэл нь хуулийн хариуцлага хүлээх үндэслэл гэдгийг хуулийнхан тайлбарласан юм.

Зургийн тайлбар: Шүүгдэгч БНХАУ-ын иргэн Чен Бин

Зургийн тайлбар: Шүүгдэгч БНХАУ-ын иргэн Чен Бин

БНХАУ-ын иргэн Чен Бин болон “Эм Ди Си Пи” ХХК-д Эрүүгийн хуулийн 20.12.4, 24..1-д зааснаар яллах дүгнэлт үйлдсэн байна. Эрүүгийн хуулийн

20.12 дугаар зүйл.Эрүүл ахуйн шаардлага хангаагүй хүнсний бүтээгдэхүүн худалдах, түгээх

… Эрүүл ахуйн шаардлага хангаагүй, хүний эрүүл мэндэд хохирол учруулж болох хүнсний, эсхүл хүнсний нэмэлт бүтээгдэхүүн зориуд худалдсан, түгээснээс хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан, эсхүл үлэмж хэмжээний хохирол учирсан бол…

4.Энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн бол хуулийн этгээдийг тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах эрх хасаж хорин мянган нэгжээс нэг зуун хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэнэ.

24.8 дугаар зүйл.Байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх

1.Зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор нэн ховор, ховор ургамал, тэдгээрийн үр, эрхтэнийг түүсэн, бэлтгэсэн, худалдсан, худалдан авсан, хадгалсан, тээвэрлэсэн, боловсруулсан бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан байна.

Энэ хэргийг Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Сэржмядаг даргалан энэ оны тавдугаар сарын 5-нд хэлэлцээд нянгийн бохирдолтой мах бэлтгэж, борлуулахыг завдсан үйлдлийг нь гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр цагаатгаж байсан түүхтэй. Анхан шатны шүүхийн эл шийтгэх, цагаатгах тогтоолыг НПГ-ын хяналтын прокурор Б.Соёлмаа эсэргүүцэж, нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хандсан бөгөөд шүүх бүрэлдэхүүн түүний эсэргүүцлийг үндэслэлтэй хэмээн үзэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаасан тул ийнхүү өнөөдөр анхан шатны шүүхээр өмхий махны хэргийг дахин хэлэлцэж байгаа юм.

Өнөөдөр Эмээлтэд үйл ажиллагаа явуулдаг 32, экспортын тусгай зөвшөөрөлтэй 60 гаруй аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байгаа. “Эм Ди Си Пи” компани нь эдгээрийн ААН-ийн нэг бөгөөд БНХАУ-ын иргэний өмчлөлд байдаг. Энэ компани БНХАУ руу мах экспортлох зөвшөөрөлгүй. Компанийн агуулахад тухайн үед дулааны аргаар боловсруулсан болоод боловсруулаагүй хонь ямааны нийт 234.8 тонн мах байсан. Дулааны аргаар мах боловсруулдаг ХКҮ компанийн хаяг шошготой 4842 хайрцаг 96 тонн мах илэрсэн. Хаяг шошгогүй 92 тонн ямааны мах байсан юм. Тухайн үйлдвэр нь эрүүл ахуй, барилга байгууламжийн шаардлага хангахгүй, техник технологийн шат дамжлагын дэвтэр байхгүй зэрэг олон зөрчил илэрч байсан юм.

Бид энэ хэргийн талаар эргэж мэдээлсээр байх болно.

Бэлтгэсэн: Г.Оргил, Б.Анхбаяр

Эх сурвалж: Нэгүүн.мн