“Нүүрсний” гэх хэргийн хүрээнд УИХ-ын гишүүд, төрийн өндөр албан тушаалтнуудыг АТГ-т шалгаж, заримыг нь шүүхэд шилжүүлээд буй. Эл дуулианы хүрээнд шалгасан, УИХ-ын дэд дарга, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд асан Т.Аюурсайхан, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг тэргүүтэй хүмүүсийн гэм буруутай, эсэхийг дэнслэх хурлыг өнөөдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 10.00 цагт хэлэлцэхээр товлоод байгаа.

Тэгвэл Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр 13.30 цагт “Нүүрсний” гэх хэргийн хүрээнд шалгаж, яллах дүгнэлт үйлдсэн, УИХ-ын болон Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан З.Энхболд, Зам, тээврийн хөгжлийн сайд асан, УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Энх-Амгалан нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг товлоод буй юм.

Тэгвэл эл дуулиант хэргийн хүрээнд сэргээн шалгасан, УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд зэрэг өндөр албан тушаал хашиж байсан “Ажнай корпорац” ХХК-ийг үүсгэн байгуулагч, орон нутгийн өмчит “Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн дарга асан, хувьцаа эзэмшигч Дашдэмбэрэлийн Бат-Эрдэнэд холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдүүлэхээр АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс прокурорын байгууллагад хүргүүлжээ.

Уг нь одоогоос 10 гаруй жилийн өмнө “Ажнай корпорац”, “Тавантолгой транс”, орон нутгийн өмчит “Тавантолгой” ХК-ийг тухайн үеийн Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газарт шалгаж эхэлж байсан ч нөлөө бүхий албан тушаалтнуудын даалгавраар хэрэгсэхгүй болгосон юм.

Харин өнгөрсөн онд “Нүүрсний” гэх дуулиан дэгдсэнээр “Ажнай групп”-ийн үүсгэн байгуулагчид, Өмнөговь аймгийн удирдлагад холбогдох хэргийг ЭЦА, АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст дахин шалгасан билээ. Мөрдөн шалгах ажиллагаагаар чухам юу тогтоогдож, яллах дүгнэлт үйлдүүлэхээр болов. Өмнөговь аймгаас УИХ-ын гишүүнээр нэг бус удаа сонгогдсон Д.Бат-Эрдэнийн бүрэн эрхийг 2023 оны гуравдугаар сарын 30-нд Т.Аюурсайханы хамт түдгэлзүүлсэн билээ. Тухайн үед Улсын ерөнхий прокуророос Д.Бат-Эрдэнийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх үндэслэлээ орон нутгийн өмчит “Тавантолгой” ХК-ийн ногдол ашгаас өөртөө 28.7 тэрбум төгрөг хууль зөрчин авч, эзэмшлийнхээ “Капитрон” банкаар дамжуулан мөнгө угаасан хэрэгт яллагдагчаар татсантай холбон танилцуулсан байдаг. Тэгвэл АТГ-аас Д.Бат-Эрдэнийг Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж, орон нутгийн өмчит “Тавантолгой” ХК-ийн ерөнхий нягтлан бодогч Г.Шүрэнхишиг нартай урьдчилан нэгдэж, тэднийг тус компанийн гүйцэтгэх захирал, ерөнхий нягтлан бодогчоор томилуулан, гэмт хэрэг үйлдэж ашиг олох зорилгоор тогтвортой бүлэг буюу зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулсан гэж буруутгаж яллах дүгнэлт үйлдүүлэхээр хандсан байна.

Улмаар албан тушаалаа урвуулан ашиглаж “Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал болон Төлөөлөн удирдах зөвлөлөөс ногдол ашиг хуваарилах тухай шийдвэр гаргуулан 2006-2022 оны хооронд Д.Бат-Эрдэнэ, “Ажнай корпорац” ХХК-д нийт 70 тэрбум гаруй төгрөгийн ногдол ашиг хуваарилах ёстой байтал 15.5 тэрбумыг илүү авч өөртөө давуу байдал бий болгосон. Ийнхүү хууль бусаар авсан ногдол ашгийн мөнгөөр “Капитрон банк” ХХК-ийн болон “Дүгэрэг” банк бус санхүүгийн байгууллагын дүрмийн санг нэмэгдүүлж, мөнгө угаасан гэж буруутгаж буй аж.