Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сум дахь Чөлөөт бүсээс их хэмжээний архи, согтууруулах ундаа нэвтрүүлсэн хэрэгт тус аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэн Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхдээ шилжүүлжээ. Тус аймаг дахь Гаалийн газрын Чөлөөт бүс хариуцсан гаалийн улсын ахлах байцаагч О.Отгонбаяр, байцаагч Ш.Гантөмөр, байцаагч П.Мөнхсайхан, хилийн цэргийн 0101 дүгээр ангийн ахлах шалгагч Т.Эрдэнэбилэг нарыг албан тушаалаа урвуулсан хэмээн Эрүүгийн хуулийн 22.1-1 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон” хэмээн яллах дүгнэлт үйлдсэн аж.

Тэд Улаанбаатар хотод оршин суудаг иргэн С.Үүртуяа болон өөр нэгэн иргэнд тарифийн болон тарифийн бус хязгаарлалт тогтоосон 264 шил архи, согтууруулах ундааг, хилээр нэвтрүүлэхэд гаалийн улсын ахлах байцаагч О.Отгонбаяр тэргүүтэй хүмүүс түүнд давуу байдал олгосон гэж буруутгагдаж буй юм.

Дээрх хүмүүсээс гадна Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын улсын ахлах байцаагч Г.Номинтуяа, байцаагч Г.Батболд, И.Пүрэвдорж нар 2022 оны долдугаар сард “Их мэргэд оч” ХХК-ийн эзэмшлийн 12 000 ширхэг нано бальзам гэдэг бүтээгдэхүүнийг тээвэрлэж явсан О.Батхуяг жолоочтой “Мицубиши кантер” загварын тээврийн хэрэгслийг нэвтрүүлж, 8.9 сая төгрөгийн татварыг нь төлүүлэлгүйгээр нэр дурдсан аж ахуйн нэгжийнхэнд давуу байдал олгосон хэрэгт яллагдагчаар татагдсан аж. Тэдэнд холбогдох хэргийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж дуусаад яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорын байгууллагад шилжүүлсэн аж. Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын эдгээр албан тушаалтны гэм буруутай, эсэхийг шүүх удахгүй шийдвэрлэх бололтой.