Хувийн эмнэлгүүдэд төлбөрөө төлж эмчилгээ хийлгэж байгаад эрүүл мэнд, амиараа хохирсон тохиолдол гарсаар байна. “Өргөө” амаржих газарт эх барих, эмэгтэйчүүдийн их эмчээр ажилладаг Ж.Алимаагийн үүсгэн байгуулсан “Үйлс бүтэмж” эмэгтэйчүүдийн эмнэлэгт мэс засалд орсон 37 настай бүсгүй амиа алдсан хэрэг өнгөрсөн сард гарсныг Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын I хэлтэст мөрдөн шалгаж буй билээ.
Тэгвэл уржигдар Хан-Уул дүүргийн нутаг дахь “Хан хиллс” хотхонд байрладаг, гоо засал, уламжлалт оношилгоо эмчилгээ, бариа засал, ковидын дараах сэргээн засах, чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Le ciel clinic” эмнэлэгт дусал хийлгэсэн хүн амиа алджээ.

Өдгөө энэ хэргийг Хан-Уул дүүргийн Цагдаагийн I хэлтэст шалгаж эхэлсэн байна. Хууль сахиулах байгууллагын эх сурвалжуудын мэдээлснээр хохирогч нь Өмнөговь аймгаас ирж тус эмнэлэгт эмчилгээ хийлгэж байсан Ц.Д гэх хүн аж. Түүнд дусал хийж байтал бие нь гэнэт муудаж, Улсын нэгдүгээр төв эмнэлэг (УНТЭ)-т хүргүүлсэн ч эмчилгээ авалгүй нас барсан гэнэ. Энэ талаар УНТЭ-ийнхнээс лавлахад “Энэ сарын 12-ны 21.00 цаг өнгөрч байхад нэгэн хувийн эмнэлгээс хүргүүлэн ирсэн эрэгтэй хүн нас барсан нь үнэн. Цагдаагийн байгууллага энэ асуудлыг шалгаж байгаа болохоор бид ямар нэг мэдээлэл өгөх боломжгүй” гэсэн юм.