Хууль сахиулагчдаас хамгийн бага цалинтай, хамгийн их ачаалалтай нь цагдаа байдаг. Цагдаа хүн цолны нэмэгдэл, илүү цаг зэргээ бодуулаад арай гэж дээд тал нь хоёр сая төгрөгийн цалин авч байна. Харин энэ цалингаас нь татвар, даатгал, ямар нэгэн юмны суутгал гэж хураасаар нэг цагдаа өнөөдөр дунджаар 1,5 сая төгрөгийн цалин авч байгаа юм. Энэ нь АТГ, прокурор, шүүгч нарын цалинтай харьцуулахад хамгийн доод цалинд нь ч дөхөхгүй байна. Тодруулбал,

Авлигатай тэмцэх газрын ажилтан 3 293 035 – 4 338 298

Прокурор 3 995 100 – 5 205 000 төгрөг

Шүүгч 4 266 000 – 5 214 000 төгрөг

Үндсэн хуулийн цэцийн гишүүн 5 261 960 – 5 403 280 төгрөгийн цалин авч байгаа.

Уг нь хэрэг мөрдөн шалгахад хамгийн их ачаалал үүрдэг нь цагдаа хүн байдаг. Тэд хэргийн нотлох баримтыг олох, ажлын ачаалал, прокурорын чиглэл, даргын дарамт гэх зэргээр цаг наргүй ажиллаж, бага цалин авдаг.

Албанаасаа шантарч, хэцүү байгаа энэ цаг үед хотын дарга Х.Нямбаатарын гаргасан “шорвог” шийдвэр эх орныхоо төлөө халуунд халж, хүйтэнд хөрж яваа цагдаа эрсийн сэтгэл санааг эргүүлжээ. Тодруулбал,  автобусны жолооч нарын цалинг 3,5 сая болгоно гэх шийдвэрийг сонссон  цагдаагийн  алба хаагчид автобусны жолооч болохоор шийдэж, албанаасаа гарах өргөдлөө өгч магадгүй байна.

Үүнийг батлах  цагдаагийн алба хаагчийн захидал манайд ирсэн юм. Уг алба хаагчийн захидлыг бүрэн эхээр нь хүргэж байна.

Алба хаагчийн захидал: Хотын дарга Х.Нямбаатарын гаргасан шийдвэр эх орныхоо төлөө халуунд халж, хүйтэнд хөрж яваа эрсийн сэтгэл санааг эргүүлэх шийдвэр байлаа. Энэ нь автобусны жолооч нарын цалинг 3,5 сая болгоно гэж сүржин мэдэгдсэнтэй зэрэгцэн цагдаагийн алба хаагч бид хоорондоо сэмхэн зөвлөлдөхөд хүргэлээ. Хэрвээ би албаа орхиж, автобусны жолооч болбол ЦАЛИН ХАНГАМЖ, ЦАГ НАРТАЙ болох учраас боломжтой санагдаж бид ийнхүү ярилцсаныг нуух юун… Автобус жолоодож иргэдээ зөөгөөд ажлын наймхан цаг ажиллаад авдаг цалин нь 3.5 сая… Алба хаагчид харин ар гэртээ хэр барагтаа үзэгдэхгүй цагдаагийн алба хаагчийн авдаг цалин нь хоёр сая ч хүрдэггүй… Цагдаа цэргийнхний цаг наргүй, бэрх, ажлын цалин хангамж, цаг нартай жолоочоор сольцгоох нөхөд миний хүрээлэлд лав нилээн хэд байна билээ.

Эрхэм хотын дарга саяхан хуулийн салбарын ТОЛГОЙ байсан, хууль хүчнийхэн, алба хаагчдын авдаг тав гурвын тоог та хамгийн сайн мэдэх бус уу? Эх орныхоо төлөө зүтгэж байнаа гээд эндэж үрэгдсэний маань дараа эх орны хөвгүүд хэмээн магтаж , баатар цол өгч байр амлахаас илүү, одоо байгаа алба хаагчдынхаа албаны нөхцөл, ажлын хэцүүг харгалзан авдаг цалинд нь өөрчлөлт оруулахад анхаарч өгөөрэй. Угаасаа ийм хэрэгцээ шаардлага тулгараад хэдийнээ удсан. Хэрэв энэ мэт автобусны жолооч мандаад, алба хаагчид гундах болбол алба хаагчид хомсдож автобусны жолоочид элбэгших нь байна шүү…