5.4 тэрбум төгрөгийн хахуулийн хэргийг нь шинээр дахин шалгах боломжтой гэлээГэрээс нь 7.3 тэрбум төгрөг хураан авсан дуулианы эзэн, Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг “Улаанбаатар төмөр зам”-ын Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч даргаар ажиллаж байсан С.Батдөл, түүний ах С.Баттулга, тэдэнд хахууль өгсөн хэмээн ял шийтгүүлсэн Р.Дашбилэг Д.Адъяацэрэн, Б.Эрдэнэхүү, Б.Энхмандах, Ж.Багамонгол, тэдний өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүх бүрэлдэхүүн өчигдөр хянан хэлэлцлээ. Шүүгдэгч С.Батдөл, С.Баттулга нарын өмгөөлөгчдөөс тус шүүхэд гаргасан гомдолдоо анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгуулж, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаан, хахуульд авсан гэх 5.4 тэрбум төгрөгийн эх үүсвэр, түүнийг өгсөн хүмүүсийг шалгуулах ёстой хэмээсэн аж. Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Ч.Хосбаяр, шүүгч Б.Батцэрэн, С.Соёмбо-Эрдэнэ, Б.Цогт, Б.Амарбаясгалан нарын бүрэлдэхүүн тэдний гомдлыг хянан хэлэлцээд
анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, гэм буруутай гэдгээ няцаах үндэслэл тогтоогдоогүй хэмээн дүгнэж шүүгдэгч нарын гомдлыг хэрэгсэхгүй болголоо. Харин хахуульд авсан гэх 5.4 тэрбум төгрөгтэй холбоотой үйлдлийг нь шинээр илэрсэн нөхцөл байдал гэж үзэн шалгах боломжтой гэдгийг тодотгоод прокурор хэрхэн шийдвэрлэхийг шийдэх ёстой гэдгийг нэмжхэлсэн юм. Аж ахуйн нэгжүүдийн удирдлага нүүрсээ вагонд ачуулж өмнөд хөрш рүү хилээр гаргахын тулд С.Батдөлд 28 000-86 000 ам.доллар буюу нийт 1.8 тэрбум гаруй төгрөгийн хахууль өгсөн бөгөөд тэдгээр компанийн эрх бүхий албан тушаалтан болох Р.Дашбилэг, Д.Адъяацэрэн, Б.Эрдэнэхүү, Б.Энхмандах, Ж.Багамонгол, С.Батдөлийн ах С.Баттулгад нарт холбогдох хэргийг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнгөрсөн
оны долдугаар сарын 7-нд хэлэлцэн шийдвэрлэсэн билээ. Ингэхдээ С.Батдөлийг хахууль авсан, үндэслэлгүй хөрөнгөжсөн, мөнгө угаах гэмт хэргийг байнга тогтвортой үйлдсэн гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг долоон жил хасаж, 12 жил хорих ял оноосон юм. Түүний ах С.Баттулгыг хахууль авах гэмт хэрэгт хамжигчаар хамтран оролцсон, мөнгө угаасан гэж дүгнэн нийтийн албанд томилогдох эрхийг
таван жил хасаж, гурванжил хорихоор болсон билээ. Хахууль өгсөн аж ахуйн нэгжийн албан тушаалтнууд болох Р.Дашбилэг, Д.Адъяацэрэн,Б.Энхмандах, Р.Эрдэнэхүү, Ж.Багамонгол нарыг нийтийн албанд томилогдох эрхийг таван жил хасаж, 10-14 сая төгрөгөөр торгох ял шийтгэсэн юм.Мөн эд мөрийн баримтаар хураагдсан нийт 7.3 гаруй төгрөгтэй тэнцэх ам.доллар, юань, евро (9390 ширхэг юань буюу 274 287 000 төгрөг, 16 363 ширхэг ам.доллар буюу 5 431 297 683 төгрөг, 451 ширхэг евро буюу 198 006 000 төгрөг, мөнгөн дэвсгэрт 1 425 370 000 төгрөг нийт 7.328.960.683)- г улсын орлого болгохоор болсон билээ. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч С.Батдөл, С.Баттулга нар нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хандсаныг 2023 оын аравдугаар сарын 10-нд хэлэлцээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, С.Батдөлийг 10 жил хорихоор болсон юм. Ингэснээр С.Батдөл ШШГЕГ-ын харьяа Амгалан дахь 421, С.Баттулга Дархан-Уул аймаг дахь 445
дугаар хорих ангид хуваарилагдан шүүхээс оноосон ялыг эдэлж эхэлсэн байдаг.