Бид цагдаагийн алба хаагч гэмт хэргийн шинжтэй ноцтой үйлдлүүдийг нуун дарагдуулахын зэрэгцээ гэмт этгээдэд давуу байдал олгосон  хэргээр анхан шатны шүүхээс ялс авсан Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагч Т.Оюундарийн талаарх мэдээллийг өмнө нь хүргэсэн билээ.

Цагдаа хүчин, хулгайн хэргийг нуун дарагдуулсан үйлдэлдээ ял авчээ

Уг хэргийн шүүх хурал  Нийслэлийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 2024.02.08-нд товлогдоод байсан юм. Гэвч шүүгдэгч Т.Оюундарийн өмгөөлөгч Ц.Дэлгэрням шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт гаргасан тул шүүх хуралдааныг хойшлууллаа. Тодруулбал,  шүүх хуралдааныг жич товлохоор хойшилуулсан юм.

Зургийн тайлбар: Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч асан Т.Оюундарь

Гэрэл зургийн эх сурвалж: Цагдаагийн Ерөнхий Газрын Урьдчилан сэргийлэх хэлтэс 

Тэгвэл энэ хэргийн шүүх хурал 2024.02.28-ны Лхагва гарагт товлогдлоо. Уг шүүх хурлаар түүнд оноосон ялыг хэвээр үлдээх, өөрчлөлт оруулах зэргийг хэлэлцэх юм.

Хэргийг эргэн сануулахад, Т.Оюундарь нь Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн мөрдөгчөөр ажиллаж байхдаа Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газарт иргэн Б.Н-аас гаргасан “…Өчигдөр орой … улсын дугаартай машинд жолооч нь намайг согтуу байхыг далимдуулаад хүчиндсэн байна…” гэх гомдлыг Шуурхай удирдлагын тасгаас хүлээж аваад бүртгэлд оруулж, мөрдөн шалгах ажиллагаа явуулах албан үүргээ зориуд хэрэгжүүлэхгүй байж гэмт хэрэгт холбогдогч Л.Б-аас 5,800,000 төгрөг хүлээн авч гомдол гаргагч Б.Н-д дамжуулан өгч, Л.Б-т “…гэмт хэрэгт холбогдон шалгагдахгүй байх…”  боломж олгон, давуу байдал үүсгэжээ. Улмаар  хүчин хийсэн болон хулгай хийсэн этгээдийг  гэмт хэргээс хамгаалаад, хохирогчийг нэмж хохироосон байна. Ингэхдээ хүчиндүүлсэн гэх эмэгтэйг худал мэдээлэл өгсөн хэргээр торгосон юм. Түүнийг эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг 02 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 01 нэг/ жил, 02 /хоёр/ сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оноосон.

Хэргийг шүүхээр хэлэлцэж дуусаагүй нь байгаа тул хэргийг эцэслэн шийдсэн гэсэн үг биш юм.

Бид энэ хэргийн талаар эргэж мэдээлсээр байх болно.

А.Баярмаа