Өмнөговь аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Н.Наранбаатарт холбогдох хэргийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж дуусжээ. Тус хэлтсийнхэн өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 868 хэрэгт мөрдөн байцаалт явуулснаас дөрвийг нь шүүхэд шилжүүлэх, есийг нь хаах саналаа илэрхийлэн прокурорын байгууллагад хүргүүлсэн аж. Яллах дүгнэлт үйлдүүлж, шүүхэд шилжүүлэхээр НПГ-т хүргүүлсэн хэрэг дунд дээрх төрийн түшээтэй холбоотой үйлдлүүд багтсан юм. АТГ-т өдгөө 855 хэргийг мөрдөн шалгаж буй бөгөөд өмнөх долоо хоногт хэрэг бүртгэлтийн хоёр хэргийн долоон объектод нэгжлэг хийсэн гэнэ.

УИХ-ын гишүүн Н.Наранбаатар нь Өмнөговь аймгийн Засаг даргаар 2016-2020 онд ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулж, хамаарал бүхий, тэр дундаа 2011-2015 онд гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан, оффшор бүсэд бүртгэлтэй гэж хэлж болохуйц, БНХАУ-ын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгждээ давуу байдал бий болгосон гэх үндэслэлээр яллагдагчаар татагдсан юм. Тэрбээр 2011-2015 онд “Билэгтговь” ХХК¬ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан бөгөөд тус компани болон түүгээр дамжуулан өөр бусад аж ахуйн нэгжид Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дахь Тавантолгойн орд газраас нүүрс олборлоход нь давуу байдал бий болгосон үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэсэн. Түүгээр ч зогсохгүй бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх саналаа Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан УИХ-д оруулсан ч танхимынхан нь авч үлдсэн билээ. Түүнд холбогдох хэрэгт Д.Наранхүү гэх хүнийг хахууль өгсөн үндэслэлээр эрэн сурвалжилж, Засгийн газрын “Шувуу” ажиллагааны хүрээнд БНХАУ-аас эх оронд нь ирүүлж, яллагдагчаар татсан билээ.