“Харанга” хамтлагийн дуучин Ц.Чулуунбатын санаачилсан малчдаа дэмжих “Халуун сэтгэл” аяныг энэ сарын 24-ний өдөр рок поп, хип хоп, нийтийн болон ардын дуучид, сонгодог урлагийн уран бүтээлчид, МҮХАҮТ, МҮОНРТ-ийн хамт олон хамтран улс орон даяар зохион байгуулсан.

Байгалын гамшигт үзэгдэлд нэрвэгдсэн малчин түмэндээ туслах энэхүү хандивын аянд нийт 20 мянга гаруй иргэн оролцож, 417 сая төгрөг цугласан бөгөөд өнөөдөр УОК-т хүлээлгэн өглөө.

Тус аяныг зохион байгуулагчдын зүгээс нийт монголчуудын халуун сэтгэлээс бүрдсэн энэхүү хандивыг үр бүтээлтэй зарцуулж, зорилтот иргэдэд хүргэхийг захисан нь зүйн хэрэг бөгөөд зарцуулалтыг ил тод мэдээлэх болно.

Монгол түмний үндэсний баялаг болсон мал аж ахуйн салбар, малчдаа дэмжихээр эрвийх дэрвийхээрээ сэтгэлийн хандив өргөсөн нийт ард иргэд, аж ахуй нэгж байгууллагууддаа Монгол Улсын Засгийн газар, УОК-ын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн талархал илэрхийлье.