“Хөгжлийн банк”-ны гэх хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал гарсан. Үүнтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгийн хахууль авч, үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх хэргийг хэрэгсэхгүй болсон гэх ташаа мэдээлэл цахимд тарсан. УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгийн хахууль авч, үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх хэргийг хөгжлийн банкны гэх хэрэгтэй хамт хэлэлцсэн. Улмаар анхан шатны шүүхээс гэм буруутайд тооцож ЗУРГААН ЖИЛ ХОРИХ ЯЛ оноосон бөгөөд Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр болсон. Учир нь  худал мэдүүлэг өгсөн хамаарал бүхий хүмүүсийнх нь үйлдэлд хариуцлага тооцуулах гээд анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр болсон юм.

Уншигч та бүхэнд хэргийг эргэн сануулах зорилгоор УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг түүний холбогдсон хэргийг дахин дэлгэрүүлэн хүргэж байна.

Шүүгдэгч,  УИХ-ын гишүүн Ёндонпэрэнлэйн Баатарбилэг нь Монгол Улсын Их Хурлын гишүүнээр буюу Улс төрд нөлөө бүхий этгээдээр ажиллаж байхдаа Монгол Улсын Их хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-д “Монгол Улсын Их Хурлын гишүүн би ард түмнийхээ элчийн хувьд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн, төрт ёс, түүх, соёлынхоо уламжлалыг хүндэтгэж, Монгол Улсын Үндсэн хуулийг дээдлэн сахиж, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж, гишүүний үүргээ чин шударгаар биелүүлэхээ тангараглая Миний бие энэ тангаргаасаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэ” гэснийг,

2002 оны Төрийн албаны тухай хуулийн 11.3-д “Улс төрийн албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг хуулиар тогтоох бөгөөд хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн холбогдох заалтыг дагаж мөрдөнө”, 13.1.2-д “өргөсөн тангарагтаа үнэнч байх”, 13.1.3-д “Эх орон, ард түмнийхээ тусын тулд иргэний ёсоор төрийн ашиг сонирхолд захирагдан өөрт олгогдсон бүрэн эрхийн хүрээнд ажиллах”, мөн хуулийн 15.1-д “Төрийн жинхэнэ албан хаагч дараах үйл ажиллагаа явуулахыг хориглоно”, 15.1.7-д “албаны бус зорилгод төрийн байгууллагын эд хөрөнгө, техник хэрэгсэл, санхүүгийн эх үүсвэр, мэдээллийн хангамж болон албаны мэдээллийг ашиглан завших” гэснийг,

Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйл /Хориглох зүйл/, 7.1.3-д “албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах”, 7.1.6-д “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх”, 7.1.7-д “албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх”, 7.1.8-д “үндэслэлгүйгээр хөрөнгөжих” гэснийг тус тус зөрчиж,

 найзын харилцаатай хахууль өгөгч “НВЦ” ХХК- ийн захирал Ц.Баатарбилэгийн “…Хөгжлийн банкны шаардлага хангахгүй атлаа зээл авах…” гэсэн ашиг сонирхлын үүднээс Монгол Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхэд хамааралгүй, Монгол Улсын Хөгжлийн банкнаас НВЦ ХХК-ийг зээл авахад нь дэмжлэг үзүүлж гүйцэтгэх ёсгүй үйлдэл хийсний хариуд 2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Хангарди ордны хойд талд Ц.Баатарбилэгээс 100,000 ам.долларын буюу 246,825,000 төгрөгийн хахууль авсан хэрэгт буруутгагдан яллагдагчаар татагдаад байгаа юм. Уг гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхээр дэнслэх гэж байгаа юм.

Мөн 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 11 дүгээр хороолол, Сэлбэ хотхоны “…” байр …  тоот хаягт байрлалтай, орон сууц, тус хаягт байрлалтай … тоот авто зогсоолыг иргэн Б.Г аас бэлнээр 320,000,000 төгрөгөөр,

2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 2014 онд үйлдвэрлэгдсэн, … УНО улсын дугаартай, хар өнгийн Лексус 570 маркийн автомашиныг Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэнээс бэлнээр 133,000,000 төгрөгөөр тус тус худалдан авсан боловч Авлигын эсрэг хуулийн 10 дугаар зүйлийн 10.2-д “Мэдүүлэг гаргагч нь өөрийн болон гэр бүлийн гишүүдийн хөрөнгө, орлого, зээлийг үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй” гэж заасныг зөрчиж, Авлигатай тэмцэх газарт хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргахдаа 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, .. дүгээр хороолол, Сэлбэ хотхоны …” байр .. тоот хаягт байрлалтай, орон сууц, тус хаягт байрлалтай, …. тоот авто зогсоолыг нийт 250,000,000 төгрөгөөр, 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 2014 онд үйлдвэрлэгдсэн, …. УНО улсын дугаартай, хар өнгийн Лексус 570 маркийн автомашиныг 133,000,000 төгрөгөөр тус тус худалдан авсан гэж худал мэдүүлж, орон сууц худалдан авсан 320,000,000 төгрөг, тээврийн хэрэгсэл худалдаж авахад эх үүсвэр тодорхойгүй 73 000,000 төгрөг

нийт 393,000,000 төгрөгийн хөрөнгө, орлого их хэмжээгээр нэмэгдсэн нь хууль ёсны болохыг үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй. Тиймээс үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт тус тус үйлджээ.

Хэрвээ түүнийг гэм буруутай гэж шүүхээс үзвэл буруутгаад буй хоёр гэмт хэрэг тус бүрт нь ял оноох юм.

Тодруулбал,

22.4 дүгээр зүйл.Нийтийн албан тушаалтан хахууль авах

22.4.6 Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд, эсхүл хэрэгжүүлэхгүй байхын тулд, эсхүл гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсэн, эсхүл хийхийн тулд шууд, эсхүл бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан, авсан бол  таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

22.10 дугаар зүйл.Үндэслэлгүйгээр хөрөнгөжих

Энэ гэмт хэргийг улс төрд нөлөө бүхий этгээд үйлдсэн бол үндэслэлгүйгээр нэмэгдсэн хөрөнгө, орлогыг хурааж, нийтийн албанд томилогдох, эсхүл сонгогдох эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Өөрөөр хэлбэл УИХын гишүүн 5-12 жилийн ял авахаас гадна нэмэлтээр 5.4 сая төгрөгөөр торгуулах, эсвэл зорчих эрхээ хасуулах, 1-5 жил торгуулах ялаар шийтгүүлэх юм.

Бэлтгэсэн:

А.Баярмаа 

П.Пүрэвчулуун