Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар Үндэсний орон сууцны санхүүжилтийн тухай хуулийн төслийг талаар хэлэлцсэн байна.

 

Хуралдааны дараа Барилга хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн “Үндэсний орон сууцны санхүүжилтийн тухай хуулийн төслийг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэж дэмжлээ. Ипотекийн зээл авч байгаа иргэдийн ихэнх нь сарын 2 сая төгрөгөөс дээш орлоготой байна. Түүнээс доош орлоготой айлууд ипотекийн зээл хамрагдаагүй гэсэн үг. 2013-2024 оны хугацаанд 7.6 их наядын 104 мянган айлд орон сууцны зээл олгосон. Үндэсний орон сууцны санхүүжилтийн тухай хуулийн төсөлд ахмад настнууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, залуу гэр бүлд зориулсан иргэдэд зориулан хамгийн хямд үнээр бариулаад орлого багатай иргэдэд нийлүүлэхээр заасан.

 

Сарын 2 сая төгрөгөөс доош орлоготой иргэдэд зориулж орон сууц бариад урт хугацаагаар зээлж, түрээслүүлнэ.  Байр барих газар, инженерийн байгууламжийг төр шийднэ. Энэ жилийн хувь 100 тэрбум төгрөгөөр бага үнэтэй найман айлын орон сууцыг дэд бүтэцтэй сумд барина.  Хуулийн төслийг ирэх долоо хоногт УИХ-д өргөн барина.

 

Үндэсний орон сууцжуулалтын тухай хуулийн төсөл зургаан бүлэг, 21 зүйлтэй, Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хуультай харшлах зүйлгүй. Хууль батлагдсанаар орон сууцжуулах үйл ажиллагааг нэгдсэн удирдлага зохион байгуулалтаар хангах, санхүүжилтийн эх үүсвэрийг зах зээлийн зарчимд нийцүүлэн тогтвортой нэмэгдүүлж, хүртээмжийг дээшлүүлэх, бага, дунд орлоготой зорилтот бүлгийг түрээсийн, түрээслээд өмчлөх хэлбэрийн орон сууцаар хангах эрх зүйн орчин бүрдэнэ гэж үзэж байна.

 

Орон сууцны тооллогын 2022 оны дүнгээс харахад манай улсын 941,547 өрхийн 32.1 хувь нь буюу 302,237 нь инженерийн дэд бүтэцтэй орон сууцанд амьдардаг бол 29.7 хувь буюу 279,639 өрх инженерийн дэд бүтцийн бүрэн хангамжгүй байшин хороололд, 38.2 хувь буюу 359,671 нь гэр сууцанд амьдарч байна.

 

Нийслэлийн 50.1 хувь буюу 216,989 өрх гэр хорооллын бүсэд инженерийн дэд бүтцийн хангамжгүй байшин болон гэр сууцанд амьдарч байгаа нь Улаанбаатар хотын агаар, хөрсний бохирдлын 75 орчим хувийг бүрдүүлж байна. Хууль батлагдсанаар Улаанбаатар хотын иргэд эрүүл аюулгүй орчинд амьдарч, үр бүтээмжтэй ажиллаж, сурч боловсрох нөхцөл бүрдэнэ. Мөн иргэдийн өрхийн орлого, амьжиргааны түвшнийг дээшлүүлэх, хөдөө, орон нутагт шилжин суурьшихад нь орон сууцны дэмжлэг үзүүлэх эрхзүйн боломж бүрдэнэ гэж үзэж байна” гэлээ.