Дэлхийд машин барьдаг циркийн үзүүлбэр ганц байдаг бөгөөд уг үзүүлбэр бүхий Дэлхийн цирк Монголд тоглолт маргааш эхлэх гэж байна. Тодруулбал, аравдугаар сарын 5-наас эхлэн долоо хоног бүрийн бямба, ням гарагт 19:00 цагаас дэлхийд ганцхан гэгдэх ОХУ-ын алдарт жүжигчин Юрий Никулины нэрэмжит Москвагийн Төв циркийн сургуультай гурван баавгай болон нохойнуудын үзүүлбэр, мотоциклтой харайлт, акробат, дэлхийн гайхагдсан Монгол уран нугараачдын тоглолтыг үзэх боломжтой. Сургуультай баавгайнуудын үзүүлбэр нь Монте Карлод болсон олон улсын А зэрэглэлийн тэмцээнээс мөнгөн цом хүртэж байсан аж. Уг үзүүлбэрийн онцлог нь ОХУ-ын алдарт Юрий Никулиний нэрэмжит циркийн жүжигчид, удирдан тоглуулагч ОХУ-ын гавьяат жүжигчин Ольга Кудряцева бөгөөд дэлхийд цор ганц машин, мотоцикл, унадаг дугуй, скүүтэр унадаг баавгайнууд үзүүлбэр үзүүлдгээрээ олны анхаарлыг татжээ.
Энэ удаагийн хос манежтай тоглолтод АНУ, Герман, Унгар, Хятад, Орос, Монгол зэрэг есөн орны 260 орчим уран бүтээлч оролцож буй юм. Тоглолтын найруулагчаар ОХУ-ын Москва хотын Төв циркийн найруулагч Дмитрий Чернов, ерөнхий продюсерээр олон улсын циркийн шүүгч Н.Эрдэнэ ажиллаж байна.
Тэгвэл “Дэлхийн цирк Монголд” тоглолтыг санаачлагч, олон улсын шүүгч Н.Эрдэнэ “Хос манежтай цирк тоглоно гэдэг амар биш. Амьтад төдийгүй жүжигчдээс маш их хөдөлмөр шаарддаг. Хос манежтай тоглодог цирк дэлхийн гарын 10 хуруунд багтахуйц цөөхөн шүү дээ. Нэг жүжигчин дунджаар таван минутын номертой байдаг бол хос манежтай тоглолтод зориулж 7-8 минут болгон сунгадаг. Өөрөөр хэлбэл, өөрийн үзүүлбэрээ бүрэн задалж, шинэчилдэг гэсэн үг. Энэ бол “Дэлхийн цирк Монголд” тоглолтын гол онцлог. Тоглолтыг аль болох олон хүнд үзүүлэхийг зорьсон ч жүжигчдээ бодохгүй бол болохгүй. Тиймээс ердөө наймхан удаа тоглохоор болсон юм” хэмээн ярьж байна.
Есөн орны уран бүтээлчдийн нэгдсэн хамгийн том бүрэлдэхүүнтэй цоо шинэ олон улсын циркчдийн шоу тоглолт 10 дугаар сарын 5-ны өдрөөс эхлэн найман өдөр тоглогдох циркийн ТАСАЛБАР авах холбоос: https://ticket.mn/event/2255
Бид машин барьдаг баавгайн дэлхийд цор ганц үзүүлбэрийг фото сурвалжилгаар хүргэж байна.