“Этик” продакшны уран бүтээл болох “Хэлгүй жим” киноны гол дүр Дадаг та бүхэн хэдийнэ андахгүй болсон биз ээ. Өрөвдөлтэй, тусч, сайхан сэтгэлтэй хэлгүй тэрбээр гэнэт харийнхны тал болж, хэлд орж нөхөрлөлөөсөө урвадаг. Үзэгчдийн хамгийн их сэтгэлийг хөдөлгөсөн Дада тэгвэл яагаад ингэх болсон учир шалтгааныг “Этик”-ийн залуус дэлгэцийн 10 дахь бүтээл болох “Хэлгүй жим-2 Дада” киногоороо тайлж байна.
“Хэлгүй жим” кино гол дүрүүдийн харамсалтай үхлээр төгсдөг. Тэгвэл Дада хэрхэн амьд гарсан нь үзэгчдийн сонирхлыг ихэд татаж байна. Түүний түүх хэрхэн өрнөхийг, амьдрал нь үргэлжлэх үү, төгсөх үү гэдгийг “Хэлгүй жим-2 Дада” киноноос хүлээн авч үзээрэй.
Ташрамд дурдахад, “Хэлгүй жим” УСК 2019 онд хийгдэж, 2020 онд дэлгэцнээ гарч тухайн жилдээ хамгийн их үзэлттэй кино болсон юм.
“Этик” продакшн 2018 оны аравдугаар сарын 26-нд үүсгэн байгуулагдсан. Тэд дэлгэцийн хамгийн анхны бүтээл болох “Хүний цаана” киногоо өлгийдөн авснаас хойш “Цуурхал”, “Amure”, “Хэлгүй жим”, “Үнэн хайр”, “Хуулиас гадуур”, “Мардай”, “Хар ажил”, “Наймаа” зэрэг есөн уран бүтээлийг толилуулж, үзэгчид ч бүх кинонд нь өндөр үнэлгээ өгөөд байгаа юм.
Тэгвэл тэдний 10 дахь уран бүтээл “Дада” УСК энэ оны аравдугаар сарын 18-нд бүх кино театруудаар үзэгч та бүхний хүртээл болоход бэлэн болжээ.