УИХ-ын сонгуулийн I тойрог буюу Архангай, Өвөрхангай, Баянхонгор аймагт АН-аас нэр дэвшиж 55 мянга гаруй сонгогчийн саналыг авч хууль тогтоолцохоор болсон Даваагийн Цогтбаатарыг УИХ-ын тухай хуулийн 9.1-5 дахь хэсгийн “Гишүүн гэмт хэрэг үйлдсэн болох нь хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрээр тогтоогдсон бол бүрэн эрх энэ хуулийн 7.3-т заасан хугацаанаас өмнө дуусгавар болох үндэслэл болно” гэх заалтыг үндэслэн эгүүлэн татах нөхцөл бүрдээд байна.
УИХ-ын гишүүн Даваагийн Цогтбаатарын тухайд 2016-2020 онд Хөгжлийн банкны хэлтсийн захирлаар ажиллаж байсан нэгэн. Энэ үедээ албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал олгосон хэрэгт холбогдон дуулиант “Хөгжлийн банк”-ны гэх хэрэгт яллагдагчаар татагдан шалгуулсан юм. Улмаар Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2023 оны долоодугаар сард Эрүүгийн хуулийн 22.1-2 дахь хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан” гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жил хасаж, 20 сая төгрөгөөр торгох ял шийтгэсэн билээ.
Гурван шатны шүүхээр түүнийг гэм буруутай гэж үзсэн тул шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас ажлаа хийх ёстой ч Д.Цогтбаатарыг УИХ-ын гишүүнээс эгүүлэн ажил өнөөдрийг хүртэл хэрэгжихгүй байна.
Өнөөдрийг хүртэл УИХ-ын гишүүнээр ажиллаж буй Д.Цогтбаатар 2025 оны гуравдугаар сарын 10-нд Улсын дээд шүүхэд ханджээ. Тэрбээр УДШ-ийн эрүүгийн хэргийн танхимын шүүгч Ч.Хосбаярт ял эдлэх хугацааг хойшлуулж өгөх хүсэлт хүргүүлсэн байна. Энэ талаар тэрбээр /2025.03.24/ сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө “Би гайхаж байгаа учраас Улсын дээд шүүхээс ямар бичиг гарсан бэ гэдгийг очиж аваад шүүхийн шатанд дахин гомдол өгөхөөр материал бүрдүүлэн өмгөөлөгчийнхөө багт өгөх ёстой. Тиймээс Улсын дээд шүүхийн шийдвэрийг очиж авсан юм. Харин Улсын дээд шүүхийн шийдвэрийг очиж авснаараа ямар нэгэн байдлаар надад холбогдуулж байгаа гэмт хэргийг хүлээн зөвшөөрөх, эс зөвшөөрөх эрхзүйн байдалд ялгаатай ойлголт байхгүй. Үндсэн хуульд УИХ-ын гишүүн гэж хэн бэ, хүний сонгох болон сонгогдох эрхийн талаар дурдаад өгсөн байгаа. Хэрвээ Үндсэн хууль зөрчсөн, өргөсөн тангарагаасаа няцсан хүнийг УИХ-ын гишүүнээс эгүүлэн татах, түдгэлзүүлэх асуудлыг зааж өгсөн. Тэрнээс Үндсэн хуулийг Үндсэн хуулийн Цэц тайлбарлана, бусад хуулийг УДШ тайлбарлана. Дуртай нэгэн хуульч, сэтгүүлчид ямар нэгэн өнцөг гаргаж, хуулийг өөрсдөдөө ашигтай байдлаар тайлбарлах эрхгүй. Өөрөөр хэлбэл, хуульд гурван өгүүлбэр байхад хоёр нь уншиж болохгүй. Би гишүүн болсноосоо хойш Үндсэн хууль зөрчөөгүй. Өмнө нь ч Үндсэн хууль зөрчөөгүй. Би шүүхийн шатанд дахин гомдол гаргаж байгаа. Би жагсаалтаар сонгогдсон УИХ-ын гишүүн биш. Би хангайн бүсийн нэгдүгээр тойрогт нэр дэвшиж, УИХ-ын гишүүнээр сонгогдсон. Иргэнийг биш УИХ-ын гишүүнийг гэж хуульд заасан” гэсэн юм.
Мөн ял хойшлуулж өгөх хүсэлт гаргасан гэдгээ ч мэдэгдсэн нь хууль тогтоох байгууллагын нэг эд эс нь хуулиа мэдэхгүй байгааг илтгэв.
Тодруулбал, зөвхөн хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэл тогтоол биелүүлэхийг хойшлуулдаг хуулийн зохицуулалттай. Мөн анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүн, жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эх, ганц бие эцэг бол ялыг хоёр жил хүртэл хугацаагаар хойшлуулж болдог. Мөн хойшлуулах хүсэлтийг шүүх хуралдааны үед гаргаж, шийтгэх тогтоолд бичүүлдэг болохоос гурван шатны шүүх шийдвэр гаргасны дараа шүүхэд хүсэлт өгөөд шийдүүлэх зохицуулалт байдаггүй гэдгийг хуульчид мэдэгдэж байна.
Холбоотой мэдээлэл:
Ял авсан УИХ-ын гишүүн Д.Цогтбаатарыг “огцоруулна” https://www.tac.mn/article/147740
Танилц: УИХ-ын гишүүн Д.Цогтбаатарын холбогдсон болон ял авсан гэмт хэргүүд https://www.tac.mn/article/147743