1911 онд Монголын нийгмийн янз бүрийн анги давхаргын дэвшилтэт хүчний тэмцлийн үр дүнд Манжийн ноёрхлыг түлхэн унагаснаар үндэсний эрх чөлөөний хувьсгал ялж, Олноо өргөгдсөн Монгол Улсыг тунхаглав. Энэ үеэс эхлэн Монголын удирдагчид тусгаар тогтнолоо бататгах, гадаад улсуудаар тусгаар тогтнолоо хүлээн зөвшөөрүүлэх, хөрш зэргэлдээх улс орнууд Монгол Улсыг хэрхэн үзэж, ямар чиглэл бодлого баримталж буш мэдэх зорилгоор мэдээ, мэдээлэл олох ажлыг явуулж байсан байна.
Алс Дорнодыг мэдэлдээ нэгэнт авсан Хаант Оросын газар нутгаа тэлэх цаашдын зорилго, Монголд цэрэг суулгах, засаг захиргааны өөрчлөлт хийх, хан үндэстнийг суурьшуулах Чин улсын “шинэчлэл”-ийн оролдлого, Монголд уул уурхайн концесс болон төмөр зам барих эрх олж авах гэсэн их гүрнүүдийн ашиг сонирхол давхцан солбилцон байв. Эдгээр улс гүрнүүд өөрсдийн бодлого. сонирхлоо хэрэгжүүлэхийн тулд дипломат, тагнуулын хийгээд бусад аргыг өргөн ашиглаж байлаа.
Тусгаар тогтнолоо хүлээн зөвшөөрүүлэх оролдлого
Шинэ тулгар улсынхаа тусгаар тогтнолыг олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрүүлэх нь Богд хаант Монгол Улсын гадаад бодлогын нэн тэргүүний зорилт байлаа. Монгол Улсын хувьд тухайн үед гадаад ертөнцөд нэвтрэх бараг ганц боломж нь Орос орноор дамжуулан бусад оронтой харилцаа тогтоох явдал байв.
Хятад улс гадаад орноос их хэмжээний зээл авах гэж байгаа тухай Бээжин дэх Монголын тагнуулчид төвдөө мэдээлсэн байдаг. Уг мэдээг Оростой харилцаа тогтооход ашиглахаар Богд хааны тагнуулын түшмэл гүн Балданцэрэн, Богд хаан болон ГЯЯ-ны сайд чин ван Ханддорж, ДЯЯ-ны сайд Да лам Цэрэнчимэд нарт айлтгахад хянан хэлэлцээд “Ёсоор болго” хэмээн зарлиг буулгажээ.
Гүн Балданцэрэн мэдээг бага зэрэг өөрчилж “Хятадууд гадаад улсаас зээл авч, уг мөнгөөрөө зэвсэглэн Хүрээ рүү цэрэг хөдөлгөхөөр завдаж байна” гэсэн утгатай болгон Орос дахь тагнуулчаараа дамжуулан тараасан нь 1912 оны 9 дүгээр сард оросуудыг монголчуудтай хэлэлцээний ширээнд суухад түлхэц болсон юм.
1913 оны 1 дүгээр сард Дотоод Хэргийг Бүгд Захиран Шийтгэгч Яамны тэргүүн сайд Да лам Цэрэнчимэд “Японтой харилцаа тогтоох, Монголын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрүүлэх, Ар, Өвөр Монголыг хамаарсан тусгаар тогтнолын талаар Японы үзэл бодлыг лавлаж мэдэх”- ээр явсан нь сэжиг авахуулж, оросууд япончуудтай хуйвалдан зориуд уг хэргийг тасалдуулж, зорьсон хэрэг нь бүтсэнгүй буцан ирсэн байна.
Үүний дараа хэрэг явдлыг илээр явуулж болохгүйд хүрмэгц туршлагатай тагнуулч “япон” хэмээх А.Данзан 1914- 1915 оны үед Гадаад Яамны сайд чин ван Ханддоржийн даалгавраар Харбинд очиж, япончуудын Монголын талаарх байр суурь, Монголын тусгаартоггнолыг зөвшөөрүүлэх болон дипломат харилцаа тогтоох боломж нөхцөл буй эсэхийг тандан мэдэхээр явж байв.
Тухайн үед тагнуулын бие даасан нэгж, байгууллага байгаагүй боловч Гадаад Яам, Дотоод Яам, Цэргийн Яам, зүүн, өмнө, баруун хязгаарын сайдуудаас өөр өөрсдийн чиглэлээр тагнуул, сөрөх тагнуулын шинжтэй ажил явуулж байжээ. Тухайлбал, Цэргийн Яам болон Баруун хязгаарын сайдаас хилийн чанадад тагнуулаар хүн явуулж байв. Богд хааны шууд удирдлагын дор сөрөх тагнуулын болон тагнуулын мэдээлэл, дүн шинжилгээний ажлыг явуулж байв. Гадаадад зохиох тагнуулын үйл ажиллагааг Богд хааны дэргэдэх шадар захирагч Баатар хэмээх хүн удирдан зохицуулдаг байжээ.