
Манай улс “Эмчилгээний өндөр идэвхтэй, аюулгүй чанарын баталгаатай эм, био бэлдмэлийг хэрэглэх нөхцөлийг бүрдүүлэх, хүн эмнэлэг, мал эмнэлгийн байгууллага болон хүн амыг шаардлагатай эмээр тасралтгүй жигд, хүртээмжтэй хангаж, түүний зохистой хэрэглээг төлөвшүүлэх нь Монгол Улсын эмийн талаар төрөөс баримтлах бодлогын эрхэм зорилго мөн” хэмээн тодорхойлдог.
Нийт эмийн 23%-ийг дотоодод үйлдвэрлэдэг, зайлшгүй шаардлагатай 200 төрлийн эмийн 60 гаруй төрлийг дотооддоо үйлдвэрлэдэг. ОХУ, Энэтхэг, БНХАУ, Герман зэрэг гаднын 40 гаруй орноос 800 төрлийн эмийг импортоор авч байна. Нийт импортолж буй эмийн 25%-ийг антибиотик, 15 хувийг тарилгын хэлбэртэй эмүүд эзэлж байна. Эм гэдэг нь аливаа өвчнийг эмчлэх зорилгоор тодорхой тун хэмжээгээр хэрэглэдэг онцгой бүтээгдэхүүн. Эмийг зөв сонгож, зөв хэрэглэж байж л хүссэн үр дүндээ хүрч чадна. Эмийг зохистой хэрэглэхийн тулд эмийн талаар мэдлэгтэй байх нь чухал. Эм нь зөвхөн жороор олгодог аюултай бүтээгдэхүүн юм. Эмийг зохисгүй хэрэглэснээр эмийн хордлого, харшил, дархлаа сулрах мөөгөнцөр, эмийн дасал, ургийн гажиг зэрэг бусад олон төрлийн өвчнөөс гадна ирээдүй хойч үеийг мөхөөх хүртэл сөрөг үр дагавартай.