Анхан шатны шүүхээс ял сонсоод байсан Ц.Сандуй, А.ганбаатар нар давж заалдах шатны шүүхэд хандаад байсан. Тэдний гомдлыг өнөөдөр Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс хэлэлцлээ. Уг хуралд Ц.Сандуй, А.Ганбаатар нар цахимаар оролцож бөгөөд хаалттайгаар үргэлжилсэн.
Улмаар хэргийг хэд хэдэн шалтгааны улмаас нэмэлт мөрдөн байцаалт буюу прокурорт буцаасан байна. Харин Ц.Сандуй, А.Ганбаатар нарт авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр нь үлдээсэн байна. Өөрөөр хэлбэл тэднийг хорих 461-р ангид саатуулсан хэвээр байх юм.
Иргэн Г.Доржзодов 60 тэрбумын гэх схемийг танилцуулсан, харин түүнийг нь бүх намын удирдлага сонссон гэх.Г.Дорзодовын зохиосон схемийг хамгийн идэвхтэйгээр сонссон, зарим талаар зөвлөгөө өгч, хянасан байж болзошгүй хүмүүсээр Ц.Сандуй, А.Ганбаатар нар нэрлэгддэг билээ.
Гэвч шүүх дээр хэргийн эзэн, хэнгэргийн дохиур Г.Доржзодов гэрч болж, түүний зохиосон 60 тэрбумын схемийг хянасан А.Ганбаатар, Ц.Сандуй нар ял сонссон.
Тэднийг анх улсын яллагчийн зүгээс 60 тэрбумтай холбоотой хэрэг дээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн. Шүүх хуралдааны үеэр улсын яллагч “хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна” гэдгийг мэдэгдэж, яллах дүгнэлт үйлдэх боломжгүй хэмээсэн ч шүүгч нар түүний яллах дүгнэлтийг дур мэдэн өөрчилж, 14.9 буюу сонгуулийг будлиантуулахыг завдсан хэмээн ялын зүйл ангийг нь хүчээр өөрчилж, тэдэнд дөрвөн жилийн ял ногдуулж, хуулийг буруугаар ашигласан хэмээн өмгөөлөгч нь тайлбарлаж байсан юм.