БНСУ-ын Хүүхдийн баяр өнөөдөр буюу 5-р сарын 5-нд тохиож байна.
Уг баярыг тохиолдуулан тус улсын алдартай дуучин, жүжигчин, зохиолч Ли Чжи Ён буюу азид IU нэрээр алдарсан бүсгүй улсынхаа хүүхдүүдэд хандив өргөжээ.
Энэ тухай naver.com агентлаг мэдээллээ.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар, дуучин, жүжигчин бүсгүй IU дэлхийн сайн сайхны төлөө үйл ажиллагаа явуулдаг “Ногоон шүхрийн хүүхдийн сан”-гаар дамжуулан 100 сая вон буюу 81,5 мянган ам.долларыг хандивласан байна.
Уг хандив тусламж шаардлагатай байгаа хүүхдүүдэд очих ажээ.
IU буюу Ли Чжи Ёны хувьд өнгөрсөн 2015 оноос Ногоон шүхрийн хүүхдийн сангаар дамжуулан хүүхдүүдэд мөнгө хандивлаж эхэлсэн байна.
Дээрхи хандиваас өмнө коронавирусын эсрэг тэмцэлд (COVID-19) нийт 315 сая вон буюу ойролцоогоор 265 мянган ам.доллар хандивлаж байжээ.
Дашрамд дуулгахад, БНСУ-ын алдартай дуучин, жүжигчин Ли Чжи Ён нь “Сарны зочид буудал” олон ангит киногоороо монголчуудын танил болсон билээ.