МИНИЙ ИЖИЙ ШИДТЭН ЮМ БИЛЭЭ

Ижийг минь маани уншихад

Эвхээстэй судар задарч зандангийн навчис хийсдэг


Эрдэнийн хүрд эргэж тарнийн аялгуу эгшиглэдэг

Торгоны хээ хөвөрч мэгзимийн үсгээр товойдог

Тоос буусан хадганд диваажингийн төгөл харагддаг.

Миний Ижий шидтэн юм билээ.

Ижийг минь маани уншихад

Элэнцийн газар анирлаж галбир цэцэгс дэлгэрдэг

Эртний домог сэрж ГАНГА-ийн зэгс бөхийдөг

Эзгүй тал эгшиглэж сөөг, шинэс нахиалдаг

Эмээгийн үлдээсэн таяг лусын дүрд хувирдаг

Миний Ижий шидтэн юм билээ.

Ижийг минь маани уншихад

Хоргой нөмөрсөн бурхадын амьгүй зүрх нь цохилдог

Холбоо хоёр уулын эзэд нь дуулж тайвширдаг

Холын чимээнд сэрвэлзсэн гэрийнх нь сүнс тайтгардаг

Хотол чуулсан дэнжид тогоруу цамнах нь харагддаг

Миний Ижий шидтэн юм билээ

Миний Ижий шидтэн юм болохоор

Гил хархан үснээс нь ариун ганга үнэртдэг

Гэрэлт ариун энгэрээс нь цагаан сүү шүүрдэг

Боргил чийрэг гараас нь талын арц асгардаг

Бор дээлийнх нь хормойноос хөндийн агь зүүгддэг

Ээжийг минь инээхэд ДОРНО-ын солонго татдаг

Ээжийг минь гунихад домгийн бороо зүсэрдэг

Ээжийг миний уйлахад цавьдар цас хаялдаг

Ээжийг минь дуулахад цамнаа салхи бүжиглэдэг

Миний Ижий шидтэн юм билээ.

/ Ч.Чагнаадорж