Гадаа гарамгүй, ийм хүйтэн өдрүүдэд борцтой банштай хийцтэй цай чанаж гэр бүлээрээ тойрон суунгаа уух шиг аз жаргалыг зөвхөн бид л мэдэх буй за.

Тэгвэл та бүхэнд Халх хийцтэй цайг хэрхэн хийх тухай багахан мэдээлэл өгөхөөр бэлдлээ.

Юун түрүүнд та бидэнд ус, цайны идээ, сүү, шар эсвэл цагаан будаа, сүүлний өөх, банш, борц эсвэл хатаасан хавирга, давс зэрэг хэрэг болно.

 

Хийх аргачлал: 

Юун түрүүнд хар цай чанаж дараа нь сүлээд дахин буцалгана. Ингээд цайгаа өөр саванд шүүж юүлээд тогоог сайтар цэвэрлэж халаана.

Шар эсвэл цагаан будааг бага зэрэг хийж сүүлний өөхтэй хамт тогоонд хийж хуураад дээрээс нь шүүсэн цайгаа хийнэ.

Үүн дээрээ нимгэн хөшиглөсөн сүүл, годгор борц, бог малын хатааж хуршаасан хавирга, эсвэл гургалдай нэмж хужир, давсаар амт тохируулан нэг удаа оргитол буцалгана. Түүний дараа баншаа хийж 5-7 минут буцалгана.

Энэ цайг аягалахдаа банш, будаагаа шүүж аяганд хийгээд борц, хэрчим сүүл, зүсэм хавирга дээр нь хөндөлдүүлж цай дүүргээд цагаан тос нэмнэ.

Ингээд л Төв халхын борцтой багштай цай бэлэн болох нь тэр.

Энэ өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Таны гэр бүлд аз жаргал хүсье.