Эрүүл мэндийн яамнаас “covid-19” халдварын талаарх цаг үеийн нөхцөл байдлын талаар ээлжит мэдээлэл хийж байна. Тус яамны мэдээлснээр өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 1747 иргэн ажиглалтад байна.

Эрүүл мэндийн яамны 24 цагийн 119 шуурхай утсанд нийт 166 дуудлага ирсэн байна. Гадаад дахь иргэдэд коронавирусийн халдварын талаарх мэдээлэл зөвлөгөө өгөх 119 аппликэйшнд БНСУ, Белги, ОХУ-аас нийт гурван иргэн холбогджээ. Иргэдийн зүгээс олон нийтийн газарт амны хаалтгүй явж байна гэх гомдол мэдээлэл ирүүлжээ.

Эрүүл мэндийн яамны Тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэлийн мэдээлснээр манай улстай хил залгаа Буриад, Эрхүү хотод халдварын тохиолдол нэмэгдэж байгаа тул залгаа Хөвсгөл, Сэлэнгэ, Хэнтий Увс аймгийн иргэд бэлэн байдлаа хангаж амны хаалтаа тогтмол зүүж, гараа тогтмол угааж халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэхийг зөвлөлөө. Мөн ДЭМБ-ийн байгууллагаас дэлхий даяар коронавирусийн халдварын хоёр дахь давалгаа эхэлж байгаа учраас иргэд хамгаалалтаа сайн хийж, амны хаалтаа тогтмол зүүх шаардлагатай байна.

ХӨСҮТ-ИЙН ЗАХИРАЛ Д.НЯМХҮҮ:

-Өнөөдөр ХӨСҮТ-ээс гурван хүн эдгэрч, дараагийн шатруу шилжлээ. Ор хоногийн хувьд 30, 34, 45 хоног эмчлэгдсэн хүмүүс эдгэрч байна. Нийт лабораториудад 87 хүний шинжилгээ хийлээ. Давтан шинжилгээгээр дөрвөн хүн коронавирусийн халдвартай нь тогтоогдлоо. ХӨСҮТ-д давтан шинжилгээгээр 45 хүнд давтан шинжилгээ хийхэд 34 хүнд илрээгүй. Нийт 140 тохиолдол боллоо.