Завхан аймаг Улиастай сум. Мандзушир, Гэсэр сүмүүд. / Улаан сүм , Дэчиндаржаалин хийд/ Одоогийн Завхан аймгийн төв Улиастай хот нь Манж Чин улсын үед Сангийн хот, Худалдааны хот гэсэн хоёр хэсгээс бүрдэж байсан бөгөөд Сангийн хотод Манжийн амбан сайд, жанжин нар тэдгээрийн ойр шадар хүмүүс яамлан суудаг байв. Харин Худалдааны хотод хятад, орос худалдаачид , гар урчууд зэрэг хүмүүс суудаг байсан ба Сангийн хотод монголчуудын шүтэх Мандзушир бурханы сүм , Манж, хятад хүмүүсийн тахих Гэсэрийн сүм тус тус байжээ. Эдүгээ Улсын Төв Архивын фондод хадгалагдаж буй Олноо өргөгдсөний долдугаар он /1917/ 8-р сарын 10-ны өдрөөр огноолсон Сангийн хот доторхи Мандзуширын сүмийн цорж Чүлтэмийн албан бичигт “.. Мэдүүлэх учир урьд Чин улсын цагт Сангийн хотын дотор хойд гол этгээдэд нэгэн сүм байгуулж бурхан шүтээн залаад тусгайлан олгуулсан нэр үгүй. Гагцхүү газар орны ард олон “Улаан сүм”, “Мандзуширын сүм” хэмээн адил үгүй нэрлэж байв. Улиастай дахь олон аймгийн хэрмэл лам банди нарын ном унших орон болгож сангаас бага сага нэмэр дэмжээ олгуулж дөрвөн цагт цөөн өдөр хурал тогтоож цорж, да лам, дэмч, гэвхүй 4 тушаал байгуулж явсаар эдүгээ энэ сүм машид хуучирч унахад хүрсэн бөгөөд зүүн этгээдэд зэрэгцэж байгуулсан хятад ёсны тахилгатай Гэсэр бурханы сүм мөн элж эвдэрснийг эргэн түшмэлд олгуулан тэднээс засацгаан сэлбэж буй.” Мандзушир“ сүмийн тухайд монгол улсын зүгээс засацгаан шинэтгэхэд өчүүхэн бид сүсгээр өглөг нэмэр эрж сүмийг ихэтгэн 16 өрөө болгож сэлбэн засацгааж … Богд гэгээн эзэн, шашин амьтны тусын тулд тусгаар төр байгуулан шашныг дэлгэрүүлж амьтныг жаргуулсаар үүнд шавь боол болсон хувь заяаны эрхэмд шүтэж эдүгээгээс шашны баригч дээдсийн шавдан түг түмэн онд батдаж шашин төрийн үйлс дэлгэрэн бадрахын тухайд зориулж тус сүмийн газар өргөл барьц өргөж Богд эзэн хааны Шавьдан сольдов, Дүнрэв сольдов, Ерөөлийн хаан тэргүүтэн цогчин уншлагыг өдөр бүр мөнх болгон уншуулж хуврагт зэд, манз өргөж явахыг хүснэ хэмээснийг маш сайн явдлын дээд мөний тул даруй өргөл барьцыг хүлээн авч сүмийг сайн өдөр сонгож энэ 7 сарын 17-ны өдөр хурлыг үүсгэн эхлэж хуруулан буй…” хэмээн бичсэн байна. Энэ бичиг үйлдэгдэн БХМУ-ын Дотоод Хэргийг Бүгд Захиран Шийтгэх Яаманд ирсэний дараа 1917 оны 9-р сард Наймдугаар Богд Жавзандамба хутагтаас энэ сүмд Дэчиндаржаалин нэр шагнажээ. 1920-иод оны байдлаар уг сүмд 80 гаруй лам байнга сууж хурж байсан мэдээ байна. Уг сүм нь Манжийн эрхшээлийн төгсгөл үе буюу 1910-аад оны үед барилга байгууламжийн хувьд ихээхэн муудаж хурал ном хурах боломжгүй шахам болж байгаад 1914, 1915 оны үед сэргээн засварлагдаж хурал номын цар хүрээгээ өргөтгөн батжуулж улмаар 1917 оны намар Богд хааанаас албан ёсны нэр шагнуулж байсан боловч 1921 оны сүүлчээр хурал номын үйл ажиллагаа бүрмөсөн зогсож хаагджээ. Улиастай хотод байсан энэхүү Улаан сүм буюу Манзушир бурханы сүм нь / Дэчиндаржаалин/ Б.Ренчиний 1979 онд эрхлэн хэвлүүлсэн “БНМАУ-ын хэл шинжлэл угсаатны зүйн атлас”-ын сүм хийдийн жагсаалтанд бүртгэгдээгүй байна. Монгол оронд бурханы шашин дахин дэлгэрсэн 1990-ээд оны үед тус сүмийн хурал номыг сэргээн Улиастай хотод шинэ цагийн Дэчиндаржаалин хийдийг байгуулжээ. Гэхдээ Сангийн хотын хойд гол этгээдэд байсан Улаан сүмийн туурин дээр бус Улиастай хотын зүүн хойд тал Хүрээ толгойн өвөр хэмээх газар гэр дуган барьж байгуулагдсан байна. Одоогийн Улиастай сумын төвийн зүн хэсэг Богдын гол , Чигэстэйн голын хоорондын аралд Сангийн хотын хэрмийн туурь тодорхой байдаг тул энэ нөхцөл байдлыг ашиглан Улаан сүм буюу Манзушир бурханы сүмийн туурийг олж тогтоох боломжтой. Мөн 2007 оны 6-р сард Монголын БШИС-ын захирал гавьж Ш.Сонинбаяр Улиастай суманд ирж Дэчиндаржаалин хийдэд морилохдоо энэхүү Улаан сүмийн туурийг олж тодруулах санал хүсэлтийг тус хийдийн лам хуврагуудад тавьсан гэдэг.