Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр 09:00 цагаас хоёр шүүх хурал үргэлжилж байна.

Шүүхийн гадна Ж.Эрдэнэбат, Бямбасайхан нарыг өмөөрсөн жагсагчид лоозон барин автозамын хоёр талд жагсаж байна.

Мөн Ж.Эрдэнэбатын ээж ирсэн байгаа юм.

Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Ж.Эрдэнэбат, Б.Отгонбаатар, Д.Ганбат, Д.Түвшинжаргал, С.Мандахбат нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн 22.1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-ийн 22.1-3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 15 хавтаст эрүүгийн хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны тавдугаар сарын 15-ны өдөр хүлээн авсан байна.

Улмаар хоёр өдөр үргэлжилсэн шүүх хуралдаанаас С.Мандахбатад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Ж.Эрдэнэбат, Б.Отгонбаатар, Д.Ганбат, Д.Түвшинжаргал нарыг тухайн хэрэгт гэм буруутайд тооцож, ял оногдуулах шүүх хуралдааныг 2020 оны долоодугаар сарын 6-ны өдрийн 09:00 цагт товлосон билээ.

Өнөөдрийн шүүх хуралдаанаас Ж.Эрдэнэбатад оногдуулсан ялыг танилцуулна.

Мөн шүүхийн гадна Б.Бямбасайханы эхнэр, дүү, аав нь иржээ. УИХ-ын 2 ч тогтоолын дагуу Засгийн газар, Ерөнхий сайдын гаргасан шийдвэрийг биелүүлж ажлаа хийснийх нь төлөө төрийн албан хаагчийг шүүж байгааг ойлгохгүй гайхаж бухимдаж эгдүүцэж харж яваа олон хүн байгаа аж. Шүүх хурал сэтгүүлчдэд хаалттай үргэлжилж байна.

Шүүгдэгч нарын царай базаахгүй байна
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд С.Баяр, С.Баярцогт, Да.Ганболд, Б.Бямбасайхан нарыг өнөөдөр шүүж байна. С.Баяраас бусад нь 10тэрбум төгрөгийн барьцаа байршуулаагүй учир цагдан хоригдож байгаа. Сар орчим цагдан хоригдсон тэдний царай базаахгүй байна. Тухайлбал, Д.Ганболд бэлцийж хавагнасан байдалтай байгаа бол С.Баярын үе мөчний өвчин сэдэрсэн тухай эх сурвалжууд хэлж байна.