Эмч ажилдаа хайнга хандсанаас болж дөрвөн сартай хүүхэд нас барсан хэрэг Хан-Уул дүүргийн эмнэлэгт гарчээ. 2016 оны 12-р сард гарсан энэ хэргийг 2018 онд шүүхээр эцэслэн шийдсэн байна.
Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлгийн эмч Д.О нь 2016 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Хан-Уул дүүргийн 04 дүгээр хороонд байрлах Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлэгт их эмчийн үүрэг гүйцэтгэж байх хугацаандаа Г.М-ын биеийг үзэхдээ амин үзүүлэлтийг үзэлгүй, бодит үзлэгийг дутуу хийж, өвчтөнийг эрэмбэлэн ангилахгүйгээр, эмнэлэгт хэвтэх шаардлагагүй гэж буцааж, Г.М-ын амь насыг хохироож, эмнэлгийн тусламж үзүүлэх үүргээ хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр зохих ёсоор биелүүлээгүй хэрэгт холбогдсон юм.
Энэ хэргийн талаар Хан-Уул дүүргийн эрүүл мэндийн нэгдлийг төлөөлж шүүх хуралд оролцсон Г.Цэрэндолгор “…Жил бүрийн 10 дугаар сард хүүхдүүд ханиад хүрэх нь ихэсдэг, 12 дугаар сард ачаалал их байсан. Энэ үед зар өгөөд гаднаас хүүхдийн нарийн мэргэжлийн эмч нараас шалгалт авч байгаад 3 эмч ажилд авсан. О эмч 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс эхэлж ажилд гарсан. О эмчтэй нэмэлт гэрээ хийгээд ажиллуулсан. О эмч хүүхдийн биеийн байдал дутуу үзээд бичих ёстой юмаа бичээгүй хүүхэд буцаасан, бичиг баримтыг гүйцэд хөтлөөгүй байна.” гэдгийг хэлсэн байна. Өөрөөр хэлбэл ажилдаа хайнга ханджээ гэдгийг хүлээн зөвшөөрчээ.
Ажилдаа хайнга хандсан эмч нь Монгол Улсын иргэн, эмэгтэй, дээд боловсролтой, хүний их эмч мэргэжилтэй, ам бүл 3, ээж, дүү нарын хамт, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, Илжигт овогт Д. О гэгч юм.
Болсон хэрэг явдлын талаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Г: “…2016 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны өрхийн эмнэлэгт Нарантуяа эмчид хүүхдээ үзүүлэхэд хамрын хоёр угалз хөхрөлтэй, хүчилтөрөгч дутмаг гээд хэвтэх бичиг өгсөн. Бичгээ аваад 16 цагт Яармагийн эмнэлэгт очсон, эмнэлэгт дараалал ихтэй байсан болохоор нь хүлээвэл удах юм байна гээд хэвтэх бичгээ тэнд байсан эцэг, эхчүүдэд үзүүлж урдуур орсон. Эмч рүү ороход хоёр хүүхэд үзэж байсан бөгөөд энэ хүүхдүүдийн дараа орж ирээрэй гээд, үзүүлж байсан хоёр хүүхдийн нэг нь гарахаар нь зөрж ороод эмчид үзүүлсэн. Эмч хувцсыг нь тайлж үзлэг хийх үед хэвтэх бичигтэй ирсэн гэдгээ хэлсэн, тухайн үед сувилагч эмч нар өөд өөдөөсөө хараад ширээний хоёр талд сууж байсан. Сувилагч өвчний түүх нээх үү гэхэд О эмч эхлээд хүүхдийг үзээдхэе гэж хэлээд үзсэнийхээ дараа цэртэй болохоос халуураагүй байна, хэвтэх шаардлагагүй гээд буцаасан. Сайжруулсан амоксцилин бичиж өгөөд эрхийн эмнэлгээрээ утлага хийлгээрэй гэсэн. Тэгэхээр нь бид хоёр ханиад хүрсэн цагаас хойш сайжруулсан амоксцилин уусан, өөр эм бичиж өгч болохгүй юу гэхэд үргэлжлүүлээд уу гэж хэлсэн. Тэндээсээ гараад замаараа эмийн сан орж бичиж өгсөн эмийг нь аваад шууд гэртээ харьсан. Орой 21 цагийн үед хүүхэд унтаж байгаад гэнэт сэрээд огьж эхэлсэн, огих үед юу ч гарахгүй нүүр нь хөх болохоор нь хүүхдийн түргэн рүү ярихад цээжин дээр нь тогш гээд утсаа тасалсан. Тэгээд дахин огихоор нь 103 руу дахин залгаад огиод байна гэхэд хөлийг нь горчичникт дүр гээд утсаа дахиад тасалсан. Тэгээд цаг гарны дараа түргэн ирсэн. Бид хоёрыг аваад замаараа нэг хүүхэд үзчихээд Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлэгт хүргэсэн. Нэгдсэн эмнэлэг рүү ороход эмч нар үзээд хүйтэн халуурал явагдаад байна, хүүхдийн гаранд судас тариа хийнэ гээд хэд хэдэн удаа хатгаад, судас нь олдохгүй байсан, удалгүй хүүхдийн толгой нь унжаад, хоёр хацар нь хөхрөөд эхэлсэн. Тэгээд би хүүхэд яачихваа эмчээ дууд гэхэд эмч ирээд зүрхний массаж хийсэн. Тэгээд найдваргүй боллоо, ар гэрээсээ хүн дууд гэсэн. Яагаад ингэж байгаа юм бэ, би өмнө нь эмнэлэгт хүүхдээ ирж үзүүлсэн. Тухайн үед та нар арга хэмжээгээ аваад хэвтүүлэхгүй яасан юм бэ?, яагаад ийм байдалд оруулчихваа гэхэд тухайн үед ямар эмч байсныг мэдэхгүй, юу ч гэсэн харъя гээд журналаа хараад хэлсэн. Яагаад буцаасныг бид нар мэдэхгүй, бөглөх ёстой хуудсаа бөглөөгүй байна гэсэн. Гэм хорын хохиролд 15 сая төгрөг нэхэмжилж байна. Үүнээс оршуулгын зардалд 5.268.000 төгрөг, сэтгэл санааны хохирол 9.732.000 төгрөг нэхэмжилж байна. Өрхийн эмнэлэг хэвтэх бичиг хийж өгөөд явуулсан байхад Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлэг ийм байдалд оруулсанд харамсаж байна…” гэжээ.
Харин ажилдаа хайнга хандсан эмч Д.О: “…2017 оны 12 дугаар сарын 29-ний өглөө 08:30 цагаас орой 16:30 цаг хүртэл 2 эмчтэй ажиллах ёстой байсан боловч нэг эмч ирээгүй тул би ганцаараа ажиллаж байсан. Тухайн өдөр өндөр ачаалалтай байсан. 16 цагт би өвчтөн Мыг үзээд одоогоор хэвтэх шаардлагагүй буюу амьсгал дутлын шинжгүй тул өрхийн эмнэлгийн хяналтад гэрт нь буцаасан. Хэрэв яаралтай шинж илрэх юм бол буцаад ир, одоогоор хэвтэх шаардлагагүй гэж буцаасан. Тухайн өдөр баярын өдөр, бүх нийтийн амралтын өдөр байсан учраас эмнэлэг ачаалал ихтэй, оргүй, өдөртөө 100 хүүхэд үзэж байсан. Тухайн үед яаралтай тусламжийн хуудас бөглөх боломжгүй байсан. Стандартаараа тухайн үзлэгийн хуудсыг 30 минут бөглөх байсан. Маш их ачаалалтай байсан тул яаралтай тусламжийн хуудсыг бөглөх боломж байгаагүй. Чирэгдэлгүй үйлчлэхийн тулд маш их хичээж байсан. Итгэл үнэмшлээрээ хэвтэх шаардлагагүй гэж үзсэн…” гэж тайлбарласан.
Төрөөд дөрвөн сар хүрч байсан хүүхдийг эмнэлэгт хүргэгдэхэд ямар байсан талаар Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлгийн эмч М.Нямсүрэн эмч мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “…2016 оны 12 дугаар сарын 29-ний өдөр 00 цагийн үед би Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасагт жижүүр эмчээр ажиллаж байхад хүлээн авахаас хүнд хүүхэд ирлээ гэж дуудсан. Тэгээд ирэхэд 3 сартай биеийн байдал маш хүнд, толгой дохилзож, ухаантай, амьсгалын дутагдалтай маш хүнд хүүхэд байсан. Хүүхэд тайван бус, уйлагнасан, 37.9 градусын халуунтай, нүдээ аньсан, дөрвөн мөч хүйтэн, арьс эрээнтсэн, захын судсанд пульс буюу судасны цохилттой хүүхэд байсан. Яаралтай тусламжийн өрөөнд анилген 0,1, демидрол 0,3, потокойн 0,5 мл хөлийн булчинд хийлгээд хүчилтөрөгч өгсөн. Энэ хугацаанд хүлээн авахын эмч сувилагч хоёр өвчний түүх нээж байсан. Ээжээс нь асуугаад эрчимт эмчилгээний тасагт оруулсан. Судсыг хоёр удаа хатгахад судас олдоогүй. Тэгж байтал хүүхэд амьсгалаа татаж амьсгал зогссон. …30 минутын турш сэхээн амьдруулах арга хэмжээг гурван удаа давтан хийсэн боловч амьсгал, зүрх судас нэг ч удаа орж ирээгүй. …Уушгины хатгалгааны хүнд хэлбэр, амьсгал зүрх судасны хурц дутагдал, тунгалаг төлгүйжилтэсийн дутмагшил, сульдаа өвчин нэгдүгээр цочмогууд явцтай гэсэн онош тавьсан. Шөнө 00 цагийн үед ирэхэд амь насыг аврах оролдлого хийсэн боловч амьсгал зүрх судас нь сэргэж орж ирээгүй. Амь насыг аврах боломж байгаагүй, оношилгоо хийх хугацаа маш богино байсан. Шөнө ирээд 30 минутын дараа нас бараад, 30 минут сэхээн амьдруулах арга хэмжээ авсан. Миний бодлоор энэ хүүхэд ядаж 22 цагийн үед ирсэн бол цус эргүүлгийн хямралыг дэмжинэ, амьсгалын замыг дэмжиж эрчимт эмчилгээ хийсэн бол амь насыг тодорхой хугацаагаар уртасгах боломжтой байсан. …ны хатгаа өвчнийг эмчлээгүй удсанаас амьсгалын дутагдалд орсон. Сэрээ булчирхайн томрол, сульдаа өвчин буюу рахит нь хүндрэх шалтгаан болсон…” гэдгийг хэлсэн байна.
Хэргийг хэлэлцэх үед талийгаач охин зүрхний өвчтэй байсан мэтээр тайлбарласан байдаг. Харин энэ нь худлаа гэдгийг эмч нар баталж байна. Тодруулбал, талийгаач Г-ийн М нь 2016 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Нийслэл-Өргөө амаржих газарт төрсөн байна. Эх хүүхдийн эрүүл мэндийн дэвтрийн 3, 15, 47, 48 хуудсанд үзэж харсан тухай миний бие тэмдэглэл хөтөлсөн байна. Ажил үүргийн хуваарийн дагуу ээжийн асаргаанд байгаа эрүүл нярай хүүхдэд өдөрт нэг удаа үзлэг хийдэг. Үзлэгээр биеийн ерөнхий байдал, хөдөлгөөний идэвхи, биеийн халуун, булчингийн хүчдэл, нярайн рефлексүүд, зулайн байдал, саа саажилт, зүрхний цохилт, зүрхний хэм, зүрхэнд ямар нэг шуугиан байгаа эсэх, амьсгал, амьсгалын хэм тоо, хэвлий, элэг, хүй, баас шээсний байдал аюултай ерөнхий шинжүүдийг үздэг. Г.М-ын хувьд үзлэгүүд бүрэн хийгдсэн үзсэн. Дутуу орхигдсон зүйл байхгүй. Эх хүүхдийн эрүүл мэндийн дэвтрээс үзэхэд намайг үзэх үед Г.М нь зүрхний цохилт хэвийн, нэг минутад 138 удаа цохилттой, эмгэг шуугиангүй, зүрхний хэм жигд, эмгэг шуугиан сонсогдоогүй байсан. Үзлэг хийх үед зүрхний гажигтай хүүхдэд тодорхой шинж тэмдэг илэрдэг гэдгийг талийгаачийг төрөх үед үзлэг хийсэн эмч баталж байна.
Тэгвэл энэ хэргийг шүүх хэлэлцээд эмчийг буруутай гэж үзсэн байна. Тодруулбал, Илжигт овогт Д.О-ийг эмнэлгийн тусламж үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс хохирогч нас барсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон юм. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Оюун-Эрдэнийг мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг 01 /нэг/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар хасаж, 01 /нэг/ жил 02 /хоёр/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсэн. Харин талийгаачийн оршуулгын зардлыг Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлгээс гаргуулахаар болсон байна.
Энэ бол эмчийн буруутай үйл ажиллагааны зөвхөн нэг жишээ. Ээж аавдаа ирэх гэж мэндэлсэн хүүхдийг ганц эмч ажилдаа хариуцлагагүй хандсанаас болж нас барлаа.
Ийм явдал дахиж гаргахгүй байхын төлөө Эрүүл мэндийн яам анхаарч, болзошгүй эрсдэлээс сэргийлэх шаардлагатай байна.