ОХУ-ын Цэргийн сургуулийн оюутнууд тавдугаар сарын 13-нд Оросын цэргийн онгоцоор хүргэгдэн эх орондоо ирсэн.
Энэ онгоцоор ирсэн нэг оюутны коронавирусийн шинжилгээний хариу тавдугаар сарын 14-нд эерэг гарснаар ХӨСҮТ-д шилжин эмчилгээ эхэлжээ. 41 хоног эмчлэгдэн, зургаадугаар сарын 26-ны өдөр эдгэрч сувиллын тусгаарлалтад шилжсэн байна. Сувилалд байх хугацаанд гурван удаа шинжилгээ хийсэн бөгөөд эхний хоёр шинжилгээгээр сөрөг гарсан бол гурав дахь шинжилгээний хариу эерэг гарсан тул долоодугаар сарын 9-ний өдөр тусгаарлалтаас гарч чадсангүй.
Цаашид ямар арга хэмжээ авах талаар эмнэлгээс зөвлөмж өгөөгүй, эмнэлгийн тусламж үзүүлээгүй бөгөөд сувилалд хоол оруулж өгөөд л цоожилно. Асуулт асуухад “Би мэдэхгүй” гэхээс өөрийг эс хэлнэ. Өрөөндөө душ байхгүй 21 хоног халуун усгүй, өрөөний ариутгал цэвэрлэгээ ч үгүй. Хоол оруулж өгөөд л цоожилно. Эцэст нь “Би өвчтөн үү, гэмт хэрэгтэн үү?” гэж бухимдал төрөх үе ч гарна. Эмч нь “Дархлаагаа сэргээ, дасгал хөдөлгөөн хий” гэсний дагуу умгар өрөөндөө өдөр бүр дасгал хийнэ. Тамхи бол огт татаагүй гэв. Тэд өрөөндөө хоёулаа тусгаарлагдаж буй аж.
Ийм ойлгомжгүй байдалтай өнөөдөр 10 дахь өдөртэйгээ золгож байгаа оюутны өмнөөс ЭМЯ-ны 11.00 цагийн хэвлэлийн хуралд очиж эмч, мэргэжилтгүүдээс зарим зүйлийг тодруулсан юм.
ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа, Эмчлэгдээд гарсан хүнд ч вирус илрэх тохиолдол гарч байна. Тэгэхээр 21 хоног тусгаарлан ажиглаж байгаа нь гадаадаас ирсэн иргэд хөнгөн балархай, шинж тэмдэггүй хэлбэрээр өвчилж, өөрөө мэдэхгүй яваад олон хоногийн дараа вирус илрэх эрсдэлээс сэргийлж буй хэрэг. Зарим хүнийг 28 хоног хянаж байна.
Улс орнуудад 30-40 хоног эмчлэгдэж гараад эргээд вирус илэрсэн тохиолдлууд байна. Манайд ч ийм тохиолдол бүртгэгдсэн.
-Эмчлэгдэж, сувиллын тусгаарлалтад шилжсэн хүнээс дахин коронавирус илэрсэн тохиолдолд ямар арга хэмжээ авах вэ?
-40, 50, 60 хоног эмчлэгдээд, 4-5 удаагийн шинжилгээний хариу сөрөг гарч байна. Бид судалж, шинжилж байна. Дахин шинжилгээ авч байна. Тиймээс эдгэрсний дараа вирус илэрч байгаа хүмүүсийг ажиглан тандана. Дахин вирус илэрсэн хүмүүст ямар арга хэмжээ авах талаар өнөөдөр ЭМЯ-нд хуралдах гэж байна. Тусгаарлах байрыг өөрчилж, дахин эмчилгээг эхлүүлэх асуудал яригдах байх. Энэ бол ганцхан Монголд байгаа биш, дэлхий дахинд гарч буй асуудал.
-Өвчлөөд эдгэрсэн хүмүүс бусдад халдвар дамжуулах уу?
-Эдгэрсний дараа шинжилгээний хариу дахин эерэг гарсан хүмүүс халдвар тараах, эсэхийг дэлхий дахинд тогтоогоогүй байна.
-Эдгэрсэн хүмүүсийн дунд гэрийн 14 хоногийн тусгаарлалтын хугацааг гүйцээгээд гадуур явж байгаа иргэд олон бий. Энэ хүмүүс дахин өвчлөхгүй, бусдад халдвар тараахгүй гэх баталгаа алга. Гэрийн тусгаарлалтаас гарч буй хүмүүст ямар хяналт тавьж байна вэ?
-Гэрийн тусгаарлалтад байгаа өвчлөөд эдгэрсэн хүмүүсийг давтан шинжилгээгээр хянаж байна.
ЭМЯ-ны Шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэл, Коронавирусийн халдвар дэлхий дахинд шинэ өвчин, эрдэмтэд одоо ч судалсаар байна. Тухайлбал, АНУ-д эдгэрч эмнэлгээс гарсны дараа 10 мянган хүнд вирус илэрсэн. Саяхан БНСУ-д ийм 116 тохиолдол гарлаа. Дээд тал нь 56 хоногийн дараа вирус ялгарсан. Энэ нь дахин авсан халдвар уу? Вирус сэдэрч байна уу? гэдгийг эрдэмтэд судалж байна. Солонгосын эмч нарын хийсэн эхний судалгаагаар архаг хэлбэрт шилжээд, ядрах дархлаа унахад эргэж сэдэрч байж болзошгүй гэсэн таамаг дэвшүүлсэн байна.
Испани, Италийн эмч нар өвдөөд гарсан 61 мянган хүн хийсэн судалгаагаар өвчлөөд эдгэрсэн хүний дархлаа эхний гурван сард 81 хувьтай байсан бол гурван сарын дараа 16-хан хувийн дархлаатай болсон байна. Иймээс өвдөөд эдгэрсэн хүмүүс дахин халдвар авч болзошгүй. Тэгэхээр амны хаалт зүүх, гараа сайтар савандаж угаах зэрэг зөвлөмжийг алдалгүй дагахыг сануулсаар байна.
gogo.mn